Хурууны хээгээр бүртгэхийг гишүүд дэмжлээ
2014.02.25

Хурууны хээгээр бүртгэхийг гишүүд дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Х.Тэмүүжин нарын санаачилж өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-аас 2013 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн билээ.

Харин төсөл санаачлагч нэр бүхий гишүүд Монгол Улс олон хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийтийн албаны ил тод байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжоо улам боловсронгуй болгож ирсэн хэдий ч хуулийн зарим хийдэл гарсаар байна гэж үзэж, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд 8 жилийн хугацаанд сонгогдох, томилогдох гишүүн байхыг хориглохоор уг хуульд нэмэлт оруулах төсөл санаачилсныг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Х.Тэмүүжин төслийн “8 жил” гэснийг “4 жил” гэх, мөн төсөлд “гүйцэтгэх захирал, зөвлөх” гэж нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.