Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 71 дүгээр хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
2012.12.17

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулна

Улаанбаатар дахь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвд хандив өгөх тухай асуудлыг хэлэлцээд ирэх оны улсын төсөвт тодотгол хийх үеэр уг зардлыг тусгуулах арга хэмжээ авахыг Гадаад харилцаа болон Сангийн сайдад даалгалаа.

Далайд гарцгүй хөгжиж буй 31 орон байдаг.

Тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн зэрэг харилцан холбоо бүхий саад тотгор нэлээдгүй байдаг учраас эдгээр улс орны  ихэнх нь буурай хөгжилтэй байдаг. Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулан, дэлхийн нэртэй эрдэмтэд, эдийн засагчдын оюуны чадамжийг төвлөрүүлэн ажиллах санаачилгыг манай улс анх 2006 онд гаргаж байсан бөгөөд энэ төвийг Улаанбаатар хотноо  байгуулах юм.

Уг төвийг Улаанбаатарт байгуулах нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тустайн дээр манай улсад үйл ажиллагаагаа явуулах олон улсын Засгийн газар хоорондын анхны байгууллага болно.