2,8 сая хүний захиалгаар хариуцлагагүй сайдуудыг огцруулна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шадар сайд Д.Тэрбишдагвад сайн дураараа огцор гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Та шадар сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлсэн гэсэн. Таны үндэслэл юу вэ?
11 сарын 4-нд Сэлэнгэ мөрөнд эх хүү хоёр урсаж, алга болоод 38 хонож байна. Д.Тэрбишдагва өөрөө урсаад алга болвол онцгой байдлынхан хэдэн хоногийн дотор олох байсан бол гэдэг асуудлыг тавьж байгаа. Эх хүү хоёр алга болохоор ямар ч сураг гаргаагүй онцгой байдлын газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж үзнэ.
Хоёрдугаарт Налайхын уурхайд гурван хүн амь насаа алдчихаад байна. Аврах ажиллагаа маш удаан явагдсан. Энэ бүгдээс үзэхэд онцгой байдлын газар зохион байгуулалт, бүтэц, арга техникийн хувьд их хоцрогдоод байгааг хэлэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор монгол хүний үнэ цэнэ, амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө яригдах ёстой. Эдгээр эрх зөрчигдсөн тохиолдол болгонтой бид хариуцлага тооцож, албан тушаалтантай хатуу ярина.
Миний бие монголын улс төрд хариуцлага авчрах гэж ирсэн. Монголын улс төрд ёс зүйг тогтоох гэж ирсэн. Энэ утгаараа ажлаа хийж чадахгүй байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Д.Тэрбишдагвыг огцрох нь зүйтэй гэж үзэж шаардлага хүргүүлээд байгаа.
Түүнд сайн дураараа огцор гэдэг шаардлагыг явуулсан. Огцрох эсэх нь тэр хүний асуудал. Ер нь өөрөө огцроё гээд байгаа ш дээ. Хурдан түргэн огцроод ажлаа хийж чаддаг хүнд ажлаа өгөх хэрэгтэй болов уу.
-Таныг Д.Тэрбишдагва сайд намынхаа захиалгаар ийм зүйл хийж байгаа гэж байсан?
Шадар сайд намайг захиалгаар хөдөлж байна гэж хэлсэн. Би захиалгаар хөдөлж байгаа. Миний ард 2,8 сая хүний захиалга байгаа. Хариуцлагагүй албан тушаалтныг огцруул гэдэг захиалгыг миний ард түмэн надад өгсөн. Захиалагч нь Монголын ард түмэн
-Шаардлагыг сайд хүлээж авахгүй бол таны дараагийн алхам юу байх вэ?
Хэрвээ тэгвэл энэ асуудлыг УИХ-д оруулна. Ер нь Д.Тэрбишдагва гэдэг хүн ганц үүгээр ч зогсохгүй Германаас Энхбатыг барьж ирэхэд гар бие оролцсон хүн. Амь насыг нь егүүтгэхэд ч оролцсон гэж би үздэг. Ийм хариуцлагагүй сайдуудыг ганцхан Д.Тэрбишдагваар ч зогсохгүй, хариуцлага тооцох болно. Энэ бол эхлэл. Огцруулах ажлыг зохион байгуулна гэдгийг хэлье.