“Шинэчлэлийн Засгийн газар” оны онцлох үгээр шалгарчээ
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, "Номдор" хэвлэлийн газар хамтран www.duulian.mn сайтын дэмжлэгтэйгээр "Оны онцлох үг-2012" арга хэмжээ зохион байгууллаа.
Зохион байгуулагчид хэл бичгийн эрдэмтдийн оролцоотойгоор олны анхааралд хамгийн их өртөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн энэ оныг тодорхойлох 21 үг, хэллэг сонгон Duulian.mn сайт болон facebook, твиттэрээр санал авчээ. Уг санал асуулгын дүнд үндэслэн хамгийн их санал авсан 10 үг, хэллэгийг "Оны онцлох үг"-ээр тодруулан батламж гардууллаа.
Шалгаруулалтын дүнд 2012 оныг тодорхойлох "Оны үг"-ээр Олимпийн хос медаль, Машины дугаарын хязгаарлалт, Шинэчлэлийн засгийн газар, Буйдантай суулт, Салаавч, Паркийн газар, Жиргээ, Дэлхийн сүйрэл-2012.12.21, Дөрвөлсөн үйлчилгээ, Нарны гүүр гэсэн арван үг шалгарсан байна.
“Оны онцлох үг” үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулна
“Оны үг”-ийн гуравдугаар байрт шалгарсан “Шинэчлэлийн Засгийн газар” хэмээх үгийн батламжийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гардан авлаа. Тэрбээр энэ үеэрээ “Манай ард түмэн үг шидийн хүчтэй гэдэг. Иймээс Засгийн газар үйлдлээрээ ч, үгээрээ ч ард түмэндээ ойрхон байж, манлайлан дагуулж, иргэдийнхээ хүсэн хүлээж буй шинэчлэлүүдийг богино хугацаанд хийхийг зорьж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар шинэ бүхнийг сэдэж, тэр бүхнээ ажил болгоно” гэлээ.
АНУ, ОХУ, БНХАУ, Англи зэрэг дэлхийн олон оронд тухайн жилийг тодорхойлохуйц үгийн санд нэмэгдсэн үг, хэллэгээ бүртгэн тодорхойлж, нийгмийн өөрчлөлт, ахуй амьдралд шинээр бий болсон юм, үзэгдэл зэргийг тогтоож, хэлний өөрчлөлтөөр дамжуулан нийгмээ судалдаг, тодорхойлдог юм байна. Энэ жишгийн дагуу “Оны онцлох үг” үйл ажиллагааг зохион байгуулагчид цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна.