Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт гал унтраах, хормой нөхөж аргацаах биш далайцтай реформын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай
Ерөнхий сайд Г.Занданшатарын байгуулсан Шинэ Засгийн газрын онцгой анхаарлаа хандуулах салбар буюу "толгойны өвчин" нь Эрчим хүчний салбар болоод буй.
Тус салбарт чиг үүргийн давхардлууд бий болж, аливаа асуудал үүсэхэд хариуцлага хүлээх эзэнгүйд хүрээд байна.
Учир нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний үндэсний хороо, Эрдэнэс Монгол компани болон Эрчим хүчний реформ хийж буй УИХ-ын гишүүд гэсэн 4 бүлэг энэ салбарын асуудлыг хариуцан ажиллаж байна.
Энэ сарын эхээр ТЭЦ-3 дээр дэлбэрэлт болж, дулааны хомсдол үүссэнээр, энэ өвөл хотын зарим хэсэг хөлдөхөд хүрээд буйг Хотын дарга Х.Нямбаатар анхааруулж, Ерөнхий сайд яамны асуудлыг тусгайлан хэлэлцэхээр Засгийн газрыг хуралдуулаад амжсан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний үндэсний хороог татан буулгах зөвшилцөд хүрсэн тул 6-р сарын 10-аас хойших асуудлыг өөрийн толгой дээрээ үүрнэ хэмээн мэдэгдсэн юм.
Монгол Улсын эдийн засгийг үүрэх хоёрдогч салбар бол эрчим хүч. УИХ дахь Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсэгт жилийн хугацаанд ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн гишүүн, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах хорооны гишүүн Б.Найдалаа энэ тухайд "Эрчим хүч бол суурь салбар. Эдийн засаг, орлогоо өсгөе гэвэл Эрчим хүчээ хамгийн эхэнд тавихаас өөр аргагүй. Маш товчоор хэлэхэд энэ салбарт дараах 3 хүрээний ажил, манлайлал зайлшгүй шаардлагатай байгаа юм" хэмээн тодотгов.
Нэг.
Одоогийн системийн аюулгүй ажиллагаа, засвар тордолт, ойрын хөрөнгө оруулалт
Жишээ нь, ТЭЦ-3 осолтой холбоотой асуудлыг яаралтай шийдэх. Энэ осол нийтийн санааг зовоож, айлгаж байгаа хэдий ч шийдвэрийг нь хурдан гаргаад, санхүүжилтийг нь шийдээд өгвөл салбарын туршлагатай мэргэжилтнүүд дор нь асуудлын ард нь гарчихна. Хотоо хөлдөөчихгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ осол бол салбар эрүүл бус, доголдож байгаагийн л шинж тэмдэг болохоос үндсэн том асуудал нь биш.
Хоёр.
Эрчим хүчний бодлого, салбарын менежментийн дотоод асуудал
Эрчим хүчний цэгцтэй бодлого байхгүй. Ядахдаа салбарын хамт олныг нэг зүгт харуулах, хаашаа явж байгаа, юу хийх, хийхгүйгээ тодорхой болгох шаардлагатай. Энийг дагаад салбар доторх түмэн асуудлын зүг чиг, зам мөр тодроод ирнэ. Хаашаа яаж явах үзэл санаа, баримтлал, манлайлал байхгүй байхад яаж хуулийн, зах зээлийн бүтцийн өөрчлөлт болон төрийн өмчит компаниудын шинэчлэл, хүний нөөцийн бодлого гэж ярих билээ дээ....
Салбар олон толгойтой болсон гээд байгаа нь хэн нэг хүн олон толгойг томилсондоо биш олон санаа, үзэл шийдэл тал талд зэрлэг ургамал шиг дураараа урган бойжиж, нэгтгэх манлайлал байхгүй байна гэсэн үг.
Гурав.
Эрчим хүчний реформ
Салбарын дотоод асуудлаас хальж харж, давж ажиллаж, улс төрийн манлайлал, зориг гаргаж байж л энэ салбар жинхэнэ шинэчлэгдэж амилна аа. Монгол эрчим хүчний асар их нөөцтэй, эрчим хүч гэхээр зөвхөн цахилгаан, ахуйн хэрэглээний тог тасрах таслахгүй байх гэсэн явцуу хүрээнд салбарыг хараад нэгэнт хэвшчихэж. Гэтэл эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс тэр нөөцөө тултал ашиглах, экспортлох, хөрөнгө оруулалт их хэмжээгээр татах, дагалдах салбаруудыг хөгжүүлэх, хүний нөөцөө бэлдэх гээд цоо шинэ өсөлтийн хүч, орлогын эх, жинхэнэ тэргүүлэх салбар бий болох боломжтой. Бодитой зүйл.
Ийм учраас Эрчим хүчний реформ гээд байгаа юм. Одоогийн ч, дараагийн ч Засгийн газрууд Эрчим хүчний салбарт гал унтраах, хормой нөхөж аргацаах биш далайцтай реформын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Сэтгүүлч