2025.06.20
Ц.Идэрбат: 10 аймагт хэрэгжих дулааны станцын асуудал ямар шатандаа байгаа вэ?
УИХ-ын чуулганы 2025.06.20-ний өдрийн нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Эрчим хүчний салбар дахь өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг хүн бүхэн мэдэж байгаа. Миний хувьд Зүүн бүстэй холбоотой эрчим хүчний найдвартай эх үүсвэр, аюулгүй байдалтай холбоотой 3 асуулт асуухаар төлөвлөж байна.
Нэгдүгээрт, 10 аймагт хэрэгжих ДЦС-ын асуудлууд юу болж байгаа вэ? Солонгос компани нь дампуурсан гэсэн. Дампуурсан тэр хугацаанд Монгол Улс зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа гэдэг асуудлыг ярьсан. Зүүн бүс буюу Хэнтий, Сүхбаатар аймгуудад 2 станц баригдаж байгаа. Энэ ямар байдалтай байна. 2 сарын өмнө ярихад 5 сарын 12 гэхэда суудал нь шийдэгдээд, ажил цаашаа үргэлжилнэ гэсэн зүйлийг танилцуулж байсан.
Хоёрдугаарт, өнөөдрийн энэ хэлэлцээр бол эрчим хүчний дамжуулах шугам баригдах тухай асуудал. Зүүн бүсэд бол Багануур, Чойбалсан чиглэлийн 220квт-ын шугамын ажил хийгдэхэд зураг төсөв, судалгаа, нь хийгдчихсэн байгаа. Тэгэхээр Зүүн бүсэд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал огт байхгүй. Өнгөрсөн онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хийсэн 50мвт станц нь Зүүн бүсийн эх үүсвэрийг ойрын хэдэн жилдээ сайн хангахаар байгаа. Харин бидний өмнө тулгамдаад байгаа асуудал нь шугамууд байгаа. Мөн дээрээс нь Багануураас Чойбалсан чиглэлийн 220квт-ын шугамын асуудал ямар түвшинд явж байна?
Гуравдугаарт, Дорнодын цахилгаан станцаас бидэнд асуулт тавиад байна. Ялангуяа ирэх өвөл станцын хэвийн үйл ажиллагааг хангахад нүүрсний үнийн ойлголцлууд байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөл дээр үнийн асуудлыг яаж үзэж байгаа вэ? Уурхай станц 2-ын хооронд үнийн 2 ч санал дээр зөрүүтэй байдалтай байна. Үүн дээр Эрчим хүчний зохицуулах зөвлөл ямар байр суурь барьж байгаа вэ?

Сэтгүүлч