УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тойргийнхоо иргэдтэй уулзаж, ярилцав
2025.05.26

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тойргийнхоо иргэдтэй уулзаж, ярилцав

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 2025.05.24-ний өдөр тойрогтоо ажиллав. Ингэхдээ тэрбээр БГД-ын Төмөр Зам орчмын иргэдтэй уулзаж ярилцсан юм.

Тэрбээр, Өнөөдөр хотын төвд болон зам зуур 5 хүнээс ураны асуудалд анхаараач ээ гэж сонсов. Уг нь Монголд гуравдагч улсын төсөл хэрэгжих нь чухал болоод байдаг, одоо манай сайн хөрш Хятадаас өөр гадаадын хөрөнгө оруулагч уул уурхайд байхгүй болох нь. Энэ талаас нь төслийг дэмжсэн боловч иргэд байгаль орчинд яаж нөлөөлж байгааг, хэрхэн сөрөг нөлөөллийг хянах талаар мэдээлэлгүй байна, болгоомжилж байна, тодорхой хариулт, итгэл үнэмшил хэрэгтэй байна гэдгээ илэрхийлж байна. Ямар ч байсан мэргэжлийн хүмүүсээс нь мэдээлэл сонсож, бодит эрсдэлийг тодруулж, асуусан хүмүүсийг оролцуулж уулзалт хийе. Инфляц өсөж байна, тогийн үнэ, дулааны үнэ нэмэхдээ болгоомжтой, аажим явахын чухлыг захиж байна. Төрийн шийдвэр гараад хэрэгжихдээ зарим иргэдэд тун хүнд тусаж байгааг анхаараарай гэж байна.

Ахмадуудын ажил эрхлэлт, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, тэтгэвэр, группийн мөнгөний талаар чухал санаанууд сонслоо. Тохижилт, үйлчилгээ, замын хөдөлгөөн, түгжрэл, барилгын зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн талбай гэх мэт сэдвүүд хөврөв. Бүх асуудлыг ойлгож шийддэг этгээд биш ч гэсэн боломжоороо тодруулж, шийдэл хайж, УИХ дээр ажиллахдаа бодлогод тусгаж, санал оруулахын тулд ингэж яваа. Дүүрэг, хороодыг намчирхалаас холдуулмаар байна. Намд биш иргэндээ ойр болох шаардлага байна. Хуулийн төсөл дээр бид ажиллаж байгаа, ойрын үед мэдээлнэ гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан