
БСШУСБХ: Багш мэргэжлээр төгсөгчдийн 38.2 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна
УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны өчигдрийн /2025.05.21/хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Тус ажлын хэсэг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдлыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг хүлээсэн юм.
Ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсэг нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар болон МУБИС-ын төгсөх курсын оюутнуудтай уулзалт зохион байгуулсан. Мөн сургуулийн менежментийн талаар Төв, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгууд болон Хан-Уул, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх дүүргийн боловсролын удирдах ажилтнуудад сургалт орсон байна. Хамгийн чухал нь боловсролын салбарт хийх шинэчлэлийн эрэмбэ тогтоох, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьд анхдагч суурь хэрэгцээ болох барилгын норм, стандартыг тодорхойлох чиглэлд судалгаа хийсэн гэв. Тэрбээр, стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн, багшлах боловсон хүчин дутуугаас болж, олон сургуульд багш, хүүхдийн эрх маш ноцтой зөрчигдөж байгааг нэн даруй засч залруулах шаардлагатай талаар онцлоод өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуулиудын 40-өөс дээш хүүхэдтэй бүлэгт 214,020 сурагч буюу нийт хүүхдийн 29.5 хувь нь сурч байгаа төдийгүй даац хэтэрсэн сургууль орон нутагт 39, нийслэлд 85 байна. Тиймээс орон нутагт 150 суудалтай 10 сургууль, 320 суудалтай 9 сургууль, 640 суудалтай 5 сургууль барих хэрэгцээтэй байгаа бөгөөд харин 960 суудалтай том сургууль барих шаардлагагүй гэсэн тооцоо гарсан.
Мөн цэцэрлэгийн барилга шинээр барихад нийт төсөвт өртөг 311.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 5-6 жилд багтаан барихын тулд жилд 80 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалт төсөвлөх шаардлагатай байна. Төрийн өмчит 704 сургуулийн 546 сургууль нь ямар нэг түвшинд мэргэжлийн багшийн орон тооны дутагдалтай байна. Үүнээс 20 хувиас дээш багшлах орон тоо дутуу 179 сургууль байгаа нь нийт сургуулийн 25.4 хувьд тооцогдож байна. Төрийн өмчит 1024 цэцэрлэгийн 402 цэцэрлэг багшийн тооны дутагдалтай хэмээн үзсэн. Үүнээс 148 сургууль 20 хувиас дээш багшийн орон тооны дутагдалтай байна. 2010 оноос хойш багш мэргэжлээр 47,173 оюутан төгссөн бол 18,028 нь буюу 38.2 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Төрийн өмчит сургууль болон цэцэрлэгүүдэд нийт 5,543 багшийн дутагдалтай гэдэг нь бодит асуудал мөн. Багшийн хомсдлыг арилгах, элсэгчдэд болон төгсөгчдөд тавигдах шаардлагыг бууруулах, зөвхөн цалин, урамшууллыг нэмэгдүүлсэн бодлого баримтлах, багшийн ажлын зураглал, ачааллыг оновчтой тооцохгүй байх хэрэгтэй гэв. Мөн тэрбээр боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бүх талаар хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг танилцуулагадаа тусгажээ. Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.