Д.Амарбаясгалан: Зээл олгох шугамаар МӨНГӨ ХҮҮЛЖ иргэдийг хохироох явдлыг зогсоох ёстой
Утас дон дон... Мессэж иржээ. Апликейшний зээлийн эргэн төлөлтийн мэдэгдэл. Нэг биш хэдэн арван удаагийн мессэж. Өнөөдрийн стресс бухимдлын шалтгаан зөвхөн утаа, түгжрэл бус зээлээ хэрхэн төлөх вэ, хэрхэн сунгах вэ гэх шинэ төрөлтэй болж, улмаар цаг хугацаандаа төлж чадахгүй бол зээлийн мэдээллийн санд хар данстай болох дарамт бий болоод буй.
Зээлээс зээлийн хооронд, өрнөөс өрний хооронд, ард хормойгоороо урд хормойгоо нөхдөг амьдралаар манай улсын 1.4 сая иргэн амьдарч байна.
Монгол Улсад насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 70 гаруй хувь нь буюу 1.6 сая иргэн ББСБ-ын зээлтэй. Тэгвэл ББСБ-ын зээл авсан 1.6 сая иргэний 90 орчим хувь нь зөвхөн зээлийн аппаас зээл авсан гэх судалгаа бий.
ББСБ -аас 2020 онд 1 их наяд 327 тэрбум төгрөгийн зээл, 2021 онд 2 их наяд, 2022 онд 2.7 их наяд, 2023 онд 3.6 их наяд төгрөгийн зээл олгож байсан бол 2024 онд 5 их наяд 704 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Үүнийг мэргэжилтнүүд мөнгө хүүлэх ажиллагаа газар авч байгаагаар тайлбарлаж байна. Учир нь “өдрийн зээл” гэх нэршилтэй зээлийн хоногийн хүү 10 хувь, жилийн хүү 120 хувь бол ББСБ-ын зээлийн хүү сарын 34-50 болж нэмэгджээ.
Уг нь ББСБ, ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаарт СЗХ хяналт тавих хуулийн зохицуулалттай ч ББСБ-ууд өндөр өртгөөр эх үүсвэр босгодог нь эргээд зээлийн хүүнд нөлөөлж байна гэдэг асуудлыг хөндөж буй. СЗХ-ноос зөвшөөрөл аван үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ 573 бий. Зөвшөөрөл аваагүй нь ч бий. Хүн амын тоотой харьцуулахад хэтийдсэн харагдах ч мөнгө хүүлэх зорилгоор ийн олноороо үйл ажиллагаа эрхэлж байна.
Гэтэл 1,4 сая энэ талаарх ойлголт, мэдээлэл дулмаг, амьдралын боломж тааруу, өнөө маргаашаа болгох гэсэн олон шалтгааны улмаар Апп буюу ББСБ-ын маш өндөр хүүтэй зээлд хамрагдаж, мөнгө хүүлэх ажиллагааны хохирогч болж байна.
Мөн ББСБ-ын зээлдэгч нарын тоо жилийн хугацаанд 800 мянгаар өсөхөд зээлдэгчид тавих шалгуур бага нь нөлөөлжээ.
2025 он гарснаас хойш Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Санхүүгийн зохицуулах хорооноос банк болон ББСБ-ын хэрэглээний зээлд тавигдах өр, орлогын харьцааг чангаруулснаа зарласан. Банкнаас хэрэглээний зээл олгохдоо өр орлогын харьцаанд 50 хувь, ББСБ-ууд 40:60 гэсэн шалгуур тавьсан. Мөн иргэний зээл төлөх боломжийг судлахад 14 хоног зарцуулдаг, барьцаа хөрөнгө шаарддаг, биечлэн очиж гэрээ байгуулдаг, маш олон бичиг баримт бүрдүүлдэг бол ББСБ-аас зээл хүсэхэд барьцаа шаарддаггүй, өмнө авсан зээл нь төлөгдөж дуусаагүй байсан ч зээл авах боломжтой, онлайнаар гэрээ байгуулж, хэдхэн минутын дотор авсан зээл нь дансанд нь ороод ирдэг зэрэг арилжааны банкуудаас олгодог зээлийн шалгууртай харьцуулахад хөнгөн тусдаг.
Төрөөс зохицуулалт хийх шаардлага бий болов
Уг асуудал УИХ-ын төвшинд хүртэл өндөр авснаар ирэх долоо хоногоос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкны төлөөллийг оролцуулсан зээлийн хүүг бууруулах боломжийн талаар УИХ-ын даргын төвшинд ярилцахаар болжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2025.04.10/ болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Банкууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-тай болсон. ББСБ нь арилжааны банкнаас 20-24 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ 34-50 хувийн хүүтэй хэрэглээний зээл болгон иргэдэд олгож, мөнгө хүүлдэг” болохыг мэдээлсэн бол УИХ-ын гишүүн Э.Батшугар Банк болон ББСБ-ын зээлийг хүүг бууруулах гарц гаргалгаа бүхий хуулийн төслөө оруулж хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар УИХ төв банкныхантай хамтран ажиллаж байна. Мөн аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллага бус харин ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгохыг энэ чиглэлд ажиллаж буй бодлого боловсруулагчдад үүрэг болгосон юм.