2025.04.01
Д.Энхтүвшин: Монголбанк "чимээгүй татвар"-ын дарамт үүсгэхгүйн тулд бие даасан байдлаа хангамаар байна
Эдийн Засгийн Байнгын Хорооны /2025.04.01/-ий өдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаар Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөл мэдээлэл өглөө.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Монголбанкны бие даасан байдалтай холбоотой асуулт байна. ЗГ иргэдээс татвар хураахын зэрэгцээ Монголбанк инфляци буюу "чимээгүй татвар" төлүүлдэг. Маш том үүрэг хариуцлагатай бүтэц бие даасан байдлаа хадгалж чадахгүй байна уу гэдэг нь тоо баримтаас харагдлаа.Тухайбал, мөнгөний бодлогын хүүг 2 хувиар огцом нэмэх шаардлагагүй байсан. Сонгуулийн үед ЗГ-таа ая тал зассан шинжтэй шийдвэрүүд гаргасан. Эдийн засгийн идэвхжлийн үед хамгийн их судалгаа хийх бололцоотой, бие даасан газар бол Монголбанк. Манай эдийн засаг БНХАУ-аас хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл удааширсан, борлогдохгүй, үнэ нь унасан. Тэгэхээр коксжих нүүрсэнд ирэх ачаалал нь мөн л ойлгомжтой байсан. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээс үзэхэд 6,4 их наяд төгрөгийн татварын өртэй байгаа нь өмнөх оноос 50 хувиар нэмэгдчихсэн, аж ахуй нэгжүүд дээр ЭЗ-ийн идэвхжил буурсан талаарх мэдээлэл байсаар атал мөнгөний бодлогын хүүгээ хуримтлуулж байгаад огцом нэмсэн нь бие даасан байдал хангалттай биш байгаагийн илрэл. Тэгэхээр ямар арга хэмжээ авбал нөхцөл байдал сайжирна гэж Хяналтын зөвлөл харж байна?
Пассив нь активын хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд ЗГ үнэт цаас гаргах замаар зөрүүг нөхнө гэсэн заалтаа УИХ-д танилцуулах ёстой. 2023 оны нийт актив 19 их наяд пассив 26 гэхээр 7 их наядын өрийг ЗГ үнэт цаас гаргаж шийдэх үү. Энэ нь ЗГ-ын өр төлбөрийг бодит бус илэрхийлж байна. Энэ заалтыг өөрчлөх тухай ярьсан. Энэ заалттай холбоотой байр сууриа илэрхийлээч гэж Монголбанкнаас хүсч байна.
Түүний асуултад Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар хариуллаа.