
2025.03.19
Монгол, Америкийн хамтралаар МУИС Англи хэлний сургалт, төгөлдөршил төвтэй боллоо
Өнгөрсөн оны 8 дугаар сард Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж. Блинкентэй хийсэн хэлэлцээрт тусгагдсан "U.S.-Mongolia Excellence in English Initiative" санаачилга амжилттай хэрэгжиж, МУИС-ийн дэргэд Англи хэлний сургалт, төгөлдөршил төв өнөөдөр нээгдсэнээр бодит ажил хэрэг боллоо.
Тус төвд англи хэлний багш нарт зориулсан академик сургалт, технологи болон хиймэл оюун ашигласан заах арга зүйн семинаруудыг зохион байгуулах юм. Энэ санаачилга нь англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, англи хэлний багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж.
Айлчлал, арга хэмжээний үеэр яригдсан ажил хэрэг ийнхүү биеллээ олж, Монгол, Америкийн хамтын ажиллагааны бодит үр дүн болон хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байна гэдгээ УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг илэрхийлсэн юм.