
2025.03.18
Чармайж ажиллах цаг үе ирлээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Төсөв, Эдийн засгийн байнгын хород болон Тогтвортой хөгжлийн байнгын хороонд байгаагийн хувьд, мөн хүний эрх, төсөв, ашигт малтмал, хөдөлмөр зэрэг нэлээн хэдэн чухал хуулийн ажлын хэсэгт байгаагийн хувьд чармайж ажиллах цаг үе" хэмээн ярилаа.
УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгнээс зарим чухал хэсгийг нь онцолсон юм. Тухайлбал,
- Хуулийн төвд хүн орших учиртай. Хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох ёстой. Гэтэл өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа алдагдсан байна.
- Зах зээлийн эрүүл тогтолцоо үгүйлэгдэж, худалдаа, бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, давамгай байдалтай нь хүч түрэх үзэгдэл газар авч байна.
- Татварын тогтвортой орчныг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүйгээс тодорхойгүй байдал үүсдэг, жишиг үнэлгээнд суурилсан, давхар ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд гарсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодоггүй, татвар хураах, маргаан шийдвэрлэх явцад гардаг үл ойлголцол зэрэг зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж хөрөнгө оруулагчид үргэх учиргүй.
- Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг, дунд, том бизнес хамтдаа, зэрэгцэн өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татварын эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм. Мөн хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй.
- Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна.