2024.12.13
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Н.Учрал: Хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ
Монгол Улсад орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр Төрийн ордонд болж буй ойн баярын хурлыг нээж үг хэлж, газрын харилцааны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад баярын мэнд дэвшүүллээ.
Засгийн газраас газрын харилцааны үйл ажиллагааны олон салбар дамнасан онцлогт нийцүүлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Монгол улсын Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний үр дүнд газрыг зөвхөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн дагуу олгох, олон салбарын төслүүдийг газрын давхцал зөрчилгүй, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “газрын нэгдмэл сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх” бодит боломж бүрдсэн.