Н.Учрал: ТӨК-иудад олон улсын аудит оруулж нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлье
УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ 122 төрийн өмчийн компани тухайд Их хурлын гишүүн болгон л саналаа хэлж байгаа. Өмч эзэнгүйдэж, алдагдалтай ажиллаж, хяналт алга байна гэж. Гэтэл олон улсын аудит оруулаад нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлье ээ гэхээр энэ заалтыг хасъя аа гээд байгааг ойлгохгүй байгаа юм. Хэзээ ч алдагдалтай ажиллаж байгаа компани, өөрийгөө шалгуулъя, аудит оруулъя гэж өөрөө хүсэлт гаргаад аудитад оруулахгүй. Тийм учраас өнгөрсөн хугацаанд 122 компаниас Эрдэнэт үйлдвэр, ЭТТ, Төрийн банк, Хөгжлийн банк гэсэн дөрөвхөн байгууллагат олон улсад зөвшөөрөгдсөн аудитыг оруулж байсан түүхтэй юм билээ. Бусад төрийн өмчийн компанид хэзээ ч оруулж байгаагүй. Яагаад вэ гэвэл алдагдалтай ажиллаж байгаа учраас олон улсын аудит оруулаад нөхцөл байдлыг нь тодорхойлчихоос эмээдэг.
Харин ЗГ юмандаа эзэн болох ёстой, хувийн компаниуд ч гэсэн өмчдөө эзэн болохын тулд олон улсын аудит оруулж, нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад дараагийн арга хэмжээг авдаг. Тэгэхээр бид энэ эрхийг ЗГ-т өгөөд, ирэх жил алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг нь жагсаалтыг нь гаргаж байгаад, энэ энэ компани дээр заавал олон улсын аудит оруул. Энэ аудитын дүгнэлтэд үндэслээд нэгтгэх үү, татан буулгах уу, шаардлагатай компанийг нь листэд болгох уу гэдгийг баримжаагаар биш асуудалд шинжлэх ухаанчаар хандах ёстой л гэдэг ийм зорилттой.
Сая Ою Ситигийн зөвлөмж дээр төрийн өмчийн Монголын энэ төрийн өмчийн компаниуд дээр 3 чиглэлээр ийм зөвлөгөө өгсөн байсан. Нэгд бол ТӨК-уд дотроо системийн ач холбогдолтой ТӨК-уд олон нийтийн өндөр сонирхол бүхий байгууллагууд санхүүгийн эрсдэлтэй байгууллагууд байх юм бол заавал олон улсын аудит оруулаарай гэдэг ийм зөвлөмж өгсөн. Гэтэл манай төрийн өмчийн компаниуд байна шүү дээ. Энэ 3 ангилалд гурвууланд нь багтана зарим нь санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа зарим компани нь олон нийтийн сонирхол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зарим компаниуд нь системийн ач холбогдолтой төрийн өмчит ААН-үүд давамгайлж байгаа.