2024.11.07
Гадаад харилцаа
Сингапурын сайн туршлагаас судлаж, тэдний жишгээр Үндэсний баялгийн сангаа хөгжүүлнэ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Сингапур улсаас Монгол улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Эрик Теог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр олон чухал асуудлууд яригдсан бөгөөд ирэх 2025 онд Монгол улс – Сингапур улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо.
Үүнтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын шинээр томилогдсон Ерөнхий сайд ноён Лауренс Вонгийг Монгол улсад айлчлахыг урьсныг уламжиллаа.Монгол – Сингапур улсууд олон жилийн найрамдалт харилцаатай бөгөөд дэлхий нийтэд “хөгжлийн сан”, “хуримтлалын сан”, “баялгийн сан”-гаараа дамжуулан хэрхэн хөгжиж болдгийн бодит жишээ болсон Сингапур улстай хамтран “Үндэсний баялгийн сан”-г хөгжүүлэх, түүгээрээ дамжуулан иргэдийнхээ “орон сууц”, “эрүүл мэнд”, “боловсрол”-д бодит хөрөнгө оруулалт хийх талаар ярилцаж, цаашид энэ талаар туршлага судлан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Цаашлаад байгалийн баялгаа иргэн бүртээ жигд, хүртээмжтэй хүртээх цор ганц арга бол “Баялагийн сан” юм гэдгийг онцлоод Монгол улс – Сингапур улсын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй бусад төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.