ХАМТАРСАН ЗГ-ЫН ГЭРЭЭНД 15 МЕГА ТӨСӨЛ ТУСГАСНЫ НЭГ НЬ "ШИНЭ ХАРХОРУМ" ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЮМ
2024.07.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

ХАМТАРСАН ЗГ-ЫН ГЭРЭЭНД 15 МЕГА ТӨСӨЛ ТУСГАСНЫ НЭГ НЬ "ШИНЭ ХАРХОРУМ" ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЮМ

Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээний төсөлд Монгол улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийн нэг нь "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт бөгөөд манай Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах болно.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч мөн шинэ хотуудын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулан ажиллуулж байна.


XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан Их Монгол Улсын нийслэл “Хархорум” хотыг сэргээн байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай Улсын Их хурлын тогтоол гарч шинэ хот байгуулахад шаардлагатай хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.
Өнөөдөр Монгол Улсад анх удаагаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн шилдгүүд нэг дор хуран цуглалаа.
Засгийн газар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 сарын хугацаатай явуулж, 18 улсын 36 багийн бүтээлээр “Kharkhorum city” хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.
Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, технологийн дэвшилтэт шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог жишиг тогтсон байна. Үүний дагуу энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ