ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзав
2024.07.27
Гадаад харилцаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ онд Монгол, Хятадын дипломат харилцааны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эдгээр тэмдэглэлт ойн хүрээнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт идэвхтэй явагдаж, эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд бодитоор урагшлан ард иргэд хоорондын найрамдал, ойлголцол улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.

Мөн Засгийн газрын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжин хөгжүүлэх, улмаар ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, БНХАУ-ын төр, засгийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, туршлага судлах, тухайлбал, БНХАУ-ын төрийн удирдлага, зохион байгуулалтад орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийг хэрхэн нэвтрүүлж буй, түүний үр дүнгийн талаар туршлага судлах сонирхолтой байгааг хэлэв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар улам баяжуулж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ