2024.05.17
Хууль, эрх зүй

Н.Учрал: МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор хуулийн зохицуулалтаа хийх шаардлагатай

УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн төслийн санаачлагчийн хувьд, мэргэжлийн нэгдсэн холбоо бол нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан эдийн засгийн салбар ангиллуудаар байгуулагдана. Мөн мэргэжлийн холбоод нэгдээд мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулна. Ингэхдээ, хувийн хэвшил, ААН-үүд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, мэргэжлийн салбарын экспертүүд нэгдэн байгуулахаар хуульчилсан. Мэргэжлийн холбоо, МҮХАҮТ хамтарч ажиллах ёстой. Танхим бол мэдэж өөрийн чиг үүрэгтэй. МҮХАҮТ нь одоо байгаагаасаа илүү бяртай болох хэрэгтэй. Төрийн бус байгууллагын хэмжээнд авч үзээд байгаа учир өнөөдрийн энэ асуудлууд үүсээд байна.

Зах зээлд бүдүүлгээр довтолдог үйлдлүүдийг парламент хийх гэж оролдож байна. Бид өнөөдөр эмийн тухай хуулийг хэлэлцэж байхад, эм ханган нийлүүлэгчдийг оролцуулахгүйгээр шийддэг байдлаа болих ёстой! Нэг ёсондоо, ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа салбарын төлөөллийг оролцуулахгүйгээр зах зээлийг зохицуулж, эдийн засгийг өргөжүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Чөлөөт зах зээлийг дэмжих бодлогыг авч явъя гэвэл төр зарим чиг үүргээсээ татгалзаад мэргэжлийн холбооддоо шилжүүлээд, танхим ААН-үүдийнхээ тусламжтайгаар хууль хийх хэрэгтэй.

ЦХХХЯ нь МҮХАҮТ-тай хамтраад өнгөрсөн хугацаанд зөвшөөрлүүдийг цахимжуулсан. Арбитрын хуулийн дагуу, Арбитрын үйл ажиллагааг явуулах эрх танхимд байдаг. Арбитр нь өөрөө дэвшилтэт шүүх юм шүү дээ. НҮБ-ын загварт нийцсэн хууль өнгөрсөн парламентад батлагдахад миний бие ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн үед, Арбитрыг цахимаар шууд хүсэлтээ тавиад хэрэг маргааныг шийдвэрлэдэг байсан бол, өнөөдөр шүүхийн үүд сахиж зарлан мэдэгдлээ хүлээдэг байдал зогсох учир танхим Арбитрыг илүү амилуулах тал руу нь ажиллах ёстой.

Б.Энхбаяр сайд аа, Хувийн эрх зүйн шинэчлэлийг хэзээ хийх вэ?

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ