2024.05.16
Хууль, эрх зүй
Дэлхийд өрсөлдөх мэдээллийн технологийн салбарыг хөл дээр нь босгох хэрэгтэй
Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд эдийн засгийн өндөр үнэлгээтэй дэлхийн том компаниудад ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна.
E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналуудыг удаа дараалан хүртэж байна. Одоо бид энэ боломж, оюуны нөөцөө ашиглан эдийн засгаа төрөлжүүлэх, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгох хэрэгтэй. Тиймээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол зохицуулалт нь:
- Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.
- Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.
- Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.