МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Авлига, хүнд суртлыг халж чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх mindgolia.mn хэрэглээнд нэвтэрлээ
2022.12.22
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Авлига, хүнд суртлыг халж чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх mindgolia.mn хэрэглээнд нэвтэрлээ

Mindgolia.mn нь дотоодын программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад санал болгож, үүгээрээ дамжуулан төр хувийн хэвшлийн урдуур ордог байдлыг таслан зогсоож төсөв хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж, эргээд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, Start-Up байгууллагуудад хөгжих, дэлхийд танигдах боломжийг олгож байгаа үндэсний хэмжээний анхны программ хангамжийн их дэлгүүр юм.

Үүнийг нээх болсон шалтгаан нь өнгөрсөн жилүүдэд төр татвар төлөгчдийн мөнгөөр ижил нэртэй бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр авах, сайжруулалт хийх нэрээр сервер тоног төхөөрөмж авч түүнийгээ ашиглаж чадахгүй хаядаг, заавал нэг албан тушаалтан таньж, мэддэг болж байж хувийн хэвшил төртэй хамтарч ажиллах боломжтой болдог зэрэг олон учир шалтгаан бий.

Ганцхан жишээ дурдахад 2012-2021 оны хооронд төр цахим шилжилт, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, программ хангамж сайжруулах чиглэлээр 1 их наяд орчим төгрөгийг зарцуулж, нэг төрлийн ERP системийг хоёр өөр үнээр худалдан авч ашигласан хэдий ч өнөөдрийг хүртэл өмнө авсан тоног төхөөрөмж, систэмээ нэвтрүүлж ашиглаж чадахгүй, тухайн чиглэлээр хүний нөөц бэлдээгүйгээс болж иргэд төрийн үйлчилгээг авахад тулгардаг хүндрэл жил бүр нэмэгдэж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо суларсан байдаг.

Тиймээс төрийн авлига, хүнд суртлыг халж, программ хангамжийн чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлүүдээ дэмжиж, дэлхийд сурталчлан таниулахыг зорилго болгон Mindgolia.mn-г манай яамны баг хамт олон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч танилцуулж хэрэглээнд нэвтрүүллээ.

Цаашид бид Mindgolia.mn платформыг Cloud системд нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, Start-Up компаниудаа дэлхийд таниулах боломж бололцоог олгох талаас нь онцгой дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Жижиг, том гэлтгүй оюунаараа бүтээсэн бүтээлээ бусдад сурталчилж, худалдан борлуулах оюуны манлайлагч иргэн, аж ахуй нэгж бүрийг Mindgolia.mn-д бүртгүүлэн хамтарч ажиллахыг хүсье. Газрын хэвлий дэх баялгаа олборлолт - Minegolia хийж хөгжиж байсан та бид оюунаараа олборлолт – Mindgolia хийж хөгжих цаг ирлээ.

ШИНЭ МЭДЭЭ