Цахим бирж нүүрсний захад 24 цаг гэрэл асаана
Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тэгвэл цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцлийг уг үндсээр нь устгана. Чоно борооноор, хулгайч шөнөөр гэдэг. Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Гэрэлтэй газар, гэгээтэй өдрөөс хулгай, дээрэм, жоом бясаа дайждаг.
Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна.
Гэм буруутныг олж, гэмтнийг гэсгээн шийтгэхийн хамт бурууг үндсээр нь засч, зөвийг сууриар нь тогтоохыг цаг үе, хүндрэл сорилт, жагсаал цуглаан, ард түмний хүсэл тэмцэл Та биднээс шаардаж байна.
Хэн буруутай вэ? гэдгийг олж тогтоох нь нийгмийн хүсэл, нийтийн шаардлага. Үүнтэй нэгэн зэрэг Юунаас болов? Яагаад? гэдэг асуултыг тавьж, хариултыг нь олж, бодитой гарц, бүтээлч шийдэл боловсруулж, хурдтай бүтээж, хурдтай шийдэх нь хулгай дээрмийг уг үндсээр тас цохиж, бут ниргэх нь цахим хөгжлийн салбарынхан Та бидний хийх ажил, биелүүлэх даалгавар, үүрэх ачаа болж байна. Ахиад хулгай нүүрлэх боломжгүй, нэг хулгайч нөгөө дээрэмчнээр солигдох аргагүй болгох цахим бүтээлч шийдэл, цахим технологийн дэвшилд үндэслэн босгож бүтээх хамтын ажиллагааны талаар өнөөдөр манай салбарынхан санал бодол, хүсэл зоригоо нэгтгэлээ.
Эх орны баялгийн жинхэнэ эзэд нь болсон иргэдийн нүүрсний захыг нүдийг нь боосон юм шиг хааж, хана хэрэм босгосон учраас хулгайч нар ард нь үүрлэж, дээрэмчид нуугдан тонож байна. Хүн бүрийн нүдний өмнө нүүрсний захыг нээж өгөх, хана хэрмийг нураах технологийн шийдлийг хамтдаа хурдан боловсруулан түргэн босгоё гэдэг дээр “Нүүрсний реформ” санаачлага гаргаж буй Гэрэгэ системс, Монголын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Ард санхүүгийн нэгдэлийн төлөөлөлтэй УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, Сангийн яамны харъяа ГТСМТТөвийн дарга Н.Батбилэг нарын хамт уулзаж манай яамны удирдлагууд нэгдсэн шийдэлд хүрж УУХҮ-ийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо.
Энэ бол бурууг нурааж, зөвийг бүтээх бодит санаачилга. Цахим шийдэл, цахим хурдаар нүүрсний зах, нүүрсний борлуулалт 24 цаг гэрэлтэй болно.
Нүүрсний худалдааны цахим бирж байгуулж, нүүрсний шилэн захыг хурдан босгож бүтээхийн төлөө төр, хувийн хэвшил, ард түмний өргөн оролцоотойгоор хамтран ажиллах хүсэл зориг, дуу хоолой, санал санаачилгаа нэгтгэж чадлаа. УИХ-аар ирэх 7 хоногт хэлэлцэх ЗГ-аас өргөн мэдүүлсэн уул уурхайн биржийн хуулинд анхаарлаа хандуулж нүүрсийг цахимаар арилжаалах иргэдэд нээлттэй, нийтийн эзэмшлийн биржийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж байж хулгайг үндсээр нь таслая. Засгийн газар 12 сарын -9 нд ээлжит бусаар хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах нууцын зэрэглэлд байсан 9 гэрээг ил болголоо. Нийтийн мэдээллийн ид тод байдлын хууль хэрэгжиж байна. Мөн орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой ХК-ыг шууд хяналтандаа авч онцгой дэглэм тогтоолоо. Тус компаний шатсан гэх 340 мянган тонн нүүрсний дуулиан ид дэгдэж байна.
Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаасаа Засгийн газар ухраагүй. Энэ бол зөвхөн эхлэл. ЦЕГ, АТГ, ТЕГ, УЕПГ зэрэг хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Засгийн газар мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штабыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж нүүрсний хулгайтай холбоотой 21 хэрэгт, хэрэг бүртгэл нээж 41 хүнийг яллагдагчаар татаад байна. Өчигдөр нүүрсний хэрэгт холбоотой 8 хүнийг хойшлуулашгүйгээр баривчиллаа. АТГ, ЦЕГ-ын хамтарсан 40 мөрдөгч Өмнөговь аймагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайн асуудлаар анх шүгэл үлээснээсээ ухраагүй шударга ёсны тэмцэл үргэлжилнэ.
Цахим хөгжлийн салбарын хувьд тогтолцооны өөрчлөлт гэдэг нь цахим технологоор тогтолцоог үндсээр нь өөрчлөх цахим шийдэл юм.
Цахим хурд, цахим шийдлээр баялагтаа эзэн Монгол байж, хулгай дээрмийг гишгэх газаргүй болгоё.