ЦХХХ-ны сайд Н.Учрал Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцад ажиллалаа
Монгол улс өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан хүн амтай тул мэдээлэл харилцаа холбоо, зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дэвшилтэд шийдэл, технологи зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-нь үндэсний хэмжээнд 21 аймаг 300 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж буй боловч технологийн шинэчлэл хийгдэлгүй удсан, дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа.
Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм.
Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно. Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай.