МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй
2022.09.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа.

Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж байна. Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуулийн хэрэгжилтийг шалгаж эхэлж байна.

Сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин унахыг хязгаарласнаар 587 автомашиныг Засгийн газрын автобаазад хүлээлгэн өгчээ. Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөг хэмнээд байгаа бол энэ оны төгсгөлд 124.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулинд тулгуурлаж байгааг онцлов. Төрийн албан хаагчид, удирдах албаны хүмүүс автомашин хэрэглэж эрх ямба эдлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс салж, хандлагын өөрчлөлтийг бий болгох нь чухал гэлээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн автомашины үйлчилгээ “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын системд нэгдээд байна. Төрийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж байгаа юм. Ингэснээр шатахуун, урсгал зардал хэмнэгдэж, сул зогсолт байхгүй болж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярив.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажилласныхаа дараа “ЮБИКАБ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид төрийн тээврийн үйлчилгээг тус компанийн системээр ажиллуулж, улам боловсронгуй болгоно. Энэчлэн төр хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримталж ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ