МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг сонголоо
2022.06.29
Улстөр

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны өнөөдрийн (2022.06.28) хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 69.2 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын хэмжээнд эмийн аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрснийг тодотгоод эмийн хангамж, чанар, үнэ, тендер шалгаруулалт, хуурамч эмийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт хийхэд олон хүндрэл бэрхшээл тулгарахыг онцолж байлаа. Мөн Хянан шалгах түр хорооны зүгээс хөндлөнгийн шалгалтыг хийснээр Монгол Улсын эмийн сүлжээний тогтолцоог шинэчлэх, гарч байгаа томоохон алдаа дутагдлыг илрүүлж, хяналтыг сайжруулах бодит үр дүнд хүрэх шаардлагатайг илэрхийлж байлаа.

Ингээд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно...” гэж заасныг үндэслэж, Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

“Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны даргаар Н.Учралыг томилогдсон тогтоолыг Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен уншиж танилцуулав

ШИНЭ МЭДЭЭ