Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо
2022.06.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороодын төлөөлөл буюу нийт 51 салбар холбоодын удирдлагууд оролцсон "Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, залуучуудын төлөөлөлтэй уулзсан юм.

Энэ үеэр тэрбээр “МЗХ бол орчин цагийн Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага. Олон мянган сор болсон залуусыг эгнээндээ нэгтгэж, цаашдаа үйл ажиллагаа нь улам өргөжиж, улсын хөгжилд жин дараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Залуучуудын холбоо бүс нутаг, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж чаддаг эрч хүчтэй залуусын байгууллага болоход Нийслэлийн Засаг даргын хувьд ямагт дэмжиж ажиллана. Улаанбаатар бол залуучуудын хот. Залуучуудаа дэмжих тал дээр Засаг даргын хувьд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой гэж боддог. Залуучуудын бодол, саналыг бид ойлгож мэддэг байх ёстой. Ингэж байж нийслэл Улаанбаатар хот орчин үеийн шийдэлд нийцсэн, хөгжлийн төлөө, инновац, технологийн эрин үетэй хөл нийлүүлсэн хот байна. Цаашид ухаалаг Улаанбаатар, дижитал Улаанбаатар, иргэндээ ээлтэй Улаанбаатар, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, ногоон байгууламж бүхий, дэд бүтэц, инженерийн шийдэлтэй Улаанбаатар болгохын төлөө бүх хүчээ дайчлан залуучуудтайгаа хамтарч ажиллана” хэмээлээ.

МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Зөвлөгөөнөөр холбоод алдаа, оноо, туршлагаа хэлэлцэж байна. Мөн цаашдын төлөвлөгөөгөө баталж байна. МЗХ сэргэх цаг нь болсон. Тус байгууллага залуучуудын эрх ашгийг хамгаалж, дуугарч асуудлуудыг шийддэг, төр засагтайгаа хамтран ажилладаг, алдаа, туршлагыг шүүмжилдэг. Нийслэлийн хэмжээнд залуучуудын дунд боловсрол, эрүүл мэнд, ажлын байрны асуудал тулгамдаж байна. Эдгээрийг өнөөдрийн үндсэн илтгэл дээр танилцуулж, хөтөлбөрийг баталлаа” гэв.

МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нямаа “Үйл ажиллагаа нь доголдсон салбар холбоодын үйл ажиллагааг сэргээх, бүгд нэг бодлого, зорилготой, эвтэй цаашдын зорилгоо баталлаа. Мөн тодорхой шийдлүүд гаргасан чухал арга хэмжээ болж байна. Миний бие 2020 оны тавдугаар сарын 8-нд МЗХ-ны нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Удирдах зөвлөлд сонгогдсон ганц эмэгтэй байсан хэдий ч удирдах ажилтнуудын 30-аас дээш хувь нь эмэгтэй байх квотоо батлан, үүний дагуу ажиллаж байгаа. Залуу эмэгтэйчүүдээ улс төр, бизнесийн салбарт хэрхэн амжилт олох вэ гэдэгт илүү бодитой, судалгаатай ажиллах боломж нээгдэж байна” хэмээн ярьж байлаа.

МЗХ-ны удирдах ажилтнууд тус зөвлөгөөнийг тодорхой шийдлүүд гарсан, төлөвлөгөөгөө баталсан үр дүнтэй боллоо гэдгийг онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ