http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2022.04.27
Хууль, эрх зүй

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд холбогдох зохицуулалтыг бий болгохоор боловсруулжээ.

Ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, шуурхай, чирэгдэлгүй болгох, зарим үйл ажиллагааг цахимжуулахад анхаарсан гэлээ.

Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрээр явуулж болох, цахим хэлбэрээр зөрчлийн хэргийг бүртгэх, дугаар олгох, шийтгэлийн хуудсыг цахим хэлбэрээр оногдуулж болох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Энэ нь шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөл боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Эдгээр зохицуулалт нь Улсын Их Хурлаас шинээр баталсан Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг хуультай уялдан хэрэгжих боломжтой юм байна.

Зөрчлийн хэргийг Эрүүгийн болон Захиргааны шүүхээр харьяалуулан шийдвэрлэж байгаа ялгаатай байдлыг өөрчилж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэхээр өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийг хэрэгжүүлэх, төрийн албадлага хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд нь хүний эрхийг дээдлэх, иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, тухайн зөрчлийн үйлдэлд тохирсон хууль ёсны, оновчтой шийдвэрлэх гаргах, хуулийг зөв хэрэглэх сургалтад заавал хамрагддаг байх зохицуулалтыг бий болголоо хэмээн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татвартай холбоотой асуудал Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл дээр яригдан ямрыг нь татвараас зайлсхийсэн гэж үзэх, ямрыг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шийддэгийн цаана авлига бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, аливаа хэргийг заавал прокурорын хяналтын дор шалгадаг гээд татвартай холбоотой асуудлыг шалгах нь прокурорын хяналтгүй хийгдэх онцгой ажиллагаа биш гэж үзэж байна хэмээлээ. Тиймээс Ажлын хэсгийн хүрээнд ярилцан энэ асуудлыг нэг талд нь шийдэх ёстой хэмээн мэдэгдлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

ШИНЭ МЭДЭЭ