http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсэг эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн явцтай танилцлаа
2022.04.05
Эрүүл мэнд

Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсэг эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн явцтай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүн Б.Саранчимэг нар өнөөдөр (2022.04.04) Улсын гуравдугаар төв эмнэлэг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн явцтай танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүдийг дагалдан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга, “И-Монгол” академийн захирал Л.Энхбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж болон цахим төслүүдийг гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч компанийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүн ажиллав.

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа ажлын хэсгийг тайланг хэлэлцээд, тогтоол гаргаж Засгийн газарт эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийгдэхтэй холбоотой хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, мэдээллийн аюулгүй байдлын аудитыг Төрийн аудитын байгууллагаар хийлгэх, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн давхардлыг арилган E Mongolia системтэй холбох ажлыг судалж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлийг өгчээ. Ажлын хэсэг дээрх тогтоолын хэрэгжилт болон "Цахим эрүүл мэндийн төсөл"-ийн үйл явц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж, нөхцөлийн талаар албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, ажилласан юм.

Тухайлбал, эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилт аль түвшинд байна, хэрэгжилт ямар байна гэдгийг бодит байдалд үзэж, тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, санал солилцсон. Тоног төхөөрөмжийн худалдан авалт, серверийн хангамж, хурд, хүчин чадал, аюулгүй байдлыг хангах, одоо ашиглаж буй программуудыг хооронд нь холбох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ажлууд удааширч буй талаар албан тушаалтнууд танилцууллаа.

Түүнчлэн, иргэд биеэр очих шаардлагагүй эмчийн үзлэгийн цаг, шинжилгээний хариу авах, эмнэлгээс өгөх магадлагаа, тодорхойлолт, өвчний түүх буюу карт зэргийг цахимд шилжүүлснээр иргэдэд цаг, хөрөнгөө хэмнэх зэрэг давуу тал бий болно. Хөдөө орон нутгийн иргэд 13А маягтын дугаараа цахимаар бүртгүүлж, үзлэгийн цагаа ч мөн захиалснаар эмчид үзүүлэх өдрөө Улаанбаатарт ирэх бүрэн бололцоотой.

Мөн иргэд аж ахуй нэгжүүдэд Эрүүл мэндийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийг цахимжуулснаар хүнээс хамаарсан хамаарлыг багасгаж, авлигаас ангид, шуурхай байх боломж бүрдэнэ. Эрүүл мэндийн анхан шатны болон лавлагаа шатны зэрэг бүх шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд цахимаар мэдээллээ солилцсоноор ачаалал нь багасана. Бүх түвшиндээ цахим шилжилт дэвшил авчрана гэлээ.

Ажлын хэсэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллах үеэр гүйцэтгэлээр санхүүжих шинэчлэл амжилттай хэрэгжиж буйг үзэж, танилцсан. Тус эмнэлэг 2021 оны гуравдугаар сараас гүйцэтгэлээр санхүүжиж, энэ хүрээнд эмч, ажилчдадаа үндсэн цалингийнхаа 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгожээ. Мөн Ковидийн үед “Улаан бүс”-д ажилласан эмч, ажилчдын цалинг хоёр яамны сайдын тушаалын дагуу 50 хувиар, илүү цагийг гурав дахин нэмэгдүүлж олгожээ. Ингэснээр “Улаан бүс”-д ажилласан эмч таван сая, сувилагч 1.6-2.3 сая төгрөгт хэлбэлзсэн цалин, урамшуулал авч байна. Энэ нь гүйцэтгэлийн санхүүжилтийн үр ашгийн нэг хэлбэр гэж эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир ярив.

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжихэд эрүүл мэндийн салбар дахь энэхүү цахим шилжилтийн үйл ажиллагааг уялдуулж өгөх шаардлагатай талаар холбогдох албан тушаалтнуудад сануулсан.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн цахим шилжилтийг иргэнд төвөггүй, бэрхшээлгүй, бүрэн дуусгахад шаардлагатай ажлуудыг шуурхай хийхийн тулд тулгамдаж буй асуудлаа нээлттэй тавин, шийдвэрлэх талаар санал, байр сууриа хуваалцлаа

ШИНЭ МЭДЭЭ