"Оюуны элч - 2021" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ
Монголын Залуу Багш нарын холбооноос оны Шилдэг багш шалгаруулах 4 дэх удаагийн "Оюуны элч - 2021" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Төрийн ордны Их Монгол танхимд болж өнгөрлөө.
Залуу багш нарын холбоо нь анх 2008 онд байгуулагдсан бөгөөд Олон Улсын Багш нарын холбоо /NAFSA/-ны жинхэнэ гишүүн байгууллага юм. Түүнчлэн Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага болох Дэлхийн Боловсролын зөвлөлийн гишүүний статустайгаар ажиллаж байна. Тус холбоо нь өдгөө нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй ба 25000 гаруй гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний Төрийн бус байгууллага болжээ.
Оны шилдэг Цэцэрлэгийн багшаар: Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багш Жамбалдоржийн Сарантуяа, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн багш Цоггэрэлийн Оюу-Эрдэнэ, Багануур дүүргийн 235 дугаар цэцэрлэгийн багш Моононгийн Мөнхбайгал, Оны шилдэг Ерөнхий боловсролын сургуулийн багшаар: Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн англи хэлний багш Ганхуягийн Ганпүрэв, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Батцэнгэлийн Онон, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн газарзүйн багш Бүтэмжийн Цагаанцоож, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн Робот электроникийн багш Дамдиний Баярцэцэг нар шалгарлаа.