http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ
2021.11.23
Хүний эрх

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ