Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2021.12.16
Эдийн засаг, Худалдаа

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

ИЦББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Харин Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй юм. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл энэ төрлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийн үеэр асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хануулахаар Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Мөн уг хуулийн төсөлтэй хамт боловсруулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Энэ нь зөвхөн санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжаа болон цахим хуудсаар дамжуулан криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж байгаа юм. Монгол Улсад дээрх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж, иргэд, хуулийн этгээд оролцож байгаа нь энэ төрлийн эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагыг бий болгож байна.

ШИНЭ МЭДЭЭ