http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2021.11.11
Хууль, эрх зүй

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.11) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээс авсан завсарлагааны хугацаа дууссаныг мэдэгдээд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ц.Сэргэлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гарааны нөхцөл ижил бус түвшинд байна. Хөдөө орон нутагт багшийн боловсон хүчний нөөц дутмаг, сургуулийн барилга, анги танхим, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж тааруу байхад боловсролын байгууллагуудад олгох санхүүжилтийг чанар, үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлбэл орон нутгийн төсөвт сургууль санхүүжилт авч чадахгүй, үйл ажиллагаа нь доголдох талтайг харгалзан төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг авч үзэх шаардлагатай гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, улсын хил хамгаалах ажлыг зохион байгуулж удирдах, эрлийн болон хилийн төлөөлөгчийн ажиллагаанд автомашингүй үүрэг гүйцэтгэх боломжгүйг онцлоод хилийн заставын парк шинэчлэлтэд анхаарч, санхүү хөрөнгийг шийдвэрлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, цаашлаад Засгийн газраас анхаарах шаардлагатайг дурдав. Мөн тэрбээр, 2019 онд хилийн заставын автомашины 30 хувийн асуудлыг шийдэж, туулах чадвар сайтай автомашинаар хангасан тул албан үүргээ гүйцэтгэх боломжтой болсон хэдий ч үлдсэн 70 хувийн автомашины гүйлтийн норм дууссан, хүнд нөхцөл байдалтай байгааг онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 40 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатараас төслийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг “Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна." гэж, Ажлын хэсгээс төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 4.1.2-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Ажлын хэсгээс төслийн 10 дугаар зүйлд 10.1.5 дахь буюу "Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг." гэсэн заалт нэмэх, төслийн “харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэснийг “цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж тохиолдол бүрд агуулгад нь тохируулан өөрчлөх, төслийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдааны төгсгөлд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаар хийсэн. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх талаар, мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлаас гадна гэрээний хэрэгжилтийг нээлттэй, ил тод байлгахаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааны дүн мэдээг Үндсэн хуулийн цэц хариуцаж байнга, ил тод, нээлттэй байлгахаар, мэдээлэл хариуцагчаас бусад хуулийн этгээд иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ үндсэн болон дэмжих системийг ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд зардал тооцох аргачлалыг Засгийн газар батлахаар, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар нийт 19 зарчмын зөрүүтэй санал, 1 найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Түүнчлэн Ажпын хэсгээс Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөруүтэй 2 санал, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөруүтэй 1 санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “Нийтийн мэдээллийн системээр" гэснийг “Үндсэн системээр” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Мөнхцэцэг нараас хуулийн төслийн нэрийг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг асуудлаар цөөнх болж, нэгдсэн хуралдаанд үг хэлж саналаа тайлбарлан санал хураалгахаа илэрхийлсэн гэдгийг Н.Учрал гишүүн танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслүүдийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийн 8.2.9 дэх заалтын "үйл ажиллагааны чиглэлээрх салбарын нэгтгэн боловсруулсан” гэснийг “салбарын үйл ажиллагааны” гэж өөрчилж, 8.6.20 дахь заалтын “мэдээлэл хариуцагчаас санхүүжүүлсэн сургалтын зардлын дүн” гэсний дараа ", гэрээний хэрэгжилт” гэж, 8.7 дахь хэсгийн “энэ хуулийн 8.6.14-т заасан мэдээллийг Улсын дээд шүүх,” гэсний дараа "энэ хуулийн 8.6.15-д заасан мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц,” гэж тус тус нэмж, 8.14 дэх хэсгийн “цахим хуудас хариуцсан ажилтан” гэснийг хасч, 8.6.17 дахь заалтыг 8.6.18 дахь заалт болгож “зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн мэдээлэл болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалт;” гэж өөрчлөн найруулах, төслийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн “Хуульд өөрөөр заагаагүй бол” гэснийг, 18.14 дэх хэсгийн “цахим хэлбэрээр” гэснийг тус тус хасч, 18.16 дахь хэсгийн “гэрээний загвар,” гэсний дараа “зардал тооцох аргачлал,” гэж нэмж, 18.12 дахь хэсгийн “үндсэн системд холбогдсон мэдээллийн сангаас” гэснийг “үндсэн системээр дамжуулан" гэж, 18.14, 18.15 дахь хэсгийн “үндсэн систем” гэснийг “үндсэн болон дэмжих систем” гэж тус тус өөрчилж, 18 дугаар зүйлд 18.2 буюу “Энэ хуульд заасан үндсэн систем, дэмжих систем, мэдээлэл хариуцагчийн систем нь нийтийн мэдээллийн системд хамаарна.” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Мөн Ажлын хэсгээс төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “Нийтийн мэдээллийн системийн" гэснийг хасах, 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсгийг "Цахим хэлбэрээр үүсгэх нийтийн мэдээллийн сан нь нэгдсэн ангилал, код, тайлбартай байна." гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор” гэснийг “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор” гэж өөрчилж, 38.1 дэх хэсгийг “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө нийтийн мэдээллийн системийг ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд энэ хуульд заасан шаардлагыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Мөнхцэцэгээс гаргасан Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэмжээгүй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр төслийн нэрийг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” гэж өөрчлөхөөр болсон ч Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал нар дэмжсэн дэмжээгүй саналаа хэлсэн тул хуралдаан даргалагчаас Байнгын хороон дээр уг саналаа дахин сайтар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгөв.

Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүй болон Инновац цахим бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө. 

ШИНЭ МЭДЭЭ