http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад мэдээллийг цахим орчинд иргэн, хуулийн этгээд цахим гарын үсгийг хэрэглэнэ
2021.10.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад мэдээллийг цахим орчинд иргэн, хуулийн этгээд цахим гарын үсгийг хэрэглэнэ

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаарЦахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. 

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим гарын үсгийг нөхцөлийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэхээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт орсон аж. Хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, цахим гарын үсгийг хэрэглэх эрх зүйн болон техникийн шаардлагын талаар төсөлд тодорхойлон тусгажээ. Төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад мэдээллийг цахим орчинд иргэн, хуулийн этгээд хооронд дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байна.

Цахим гарын үсэгт тавигдах шаардлагыг тодорхойлж, хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой, мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэл болон тоон гарын үсэгт өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн төрийн албан хаагч иргэний хэрэглэх тоон гарын үсгээс гадна төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болох юм байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээд л тоон гарын үсэг хэрэглэх зохицуулалттай байгааг өөрчилж, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэх боломжтой болох аж. Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхний санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулдаг болох юм байна. Мөн хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхээс гадна хүн, хуулийн этгээдийн хэрэглэх бусад цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ.

Тоон гарын үсэг, цахим тамга нь гэрчилгээжүүлэлт, түүнтэй холбогдох харилцааг цогц байдлаар хуульчлахаар төсөлд тусгасан байна. Мөн гадаад улсын гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилжээ.

ШИНЭ МЭДЭЭ