2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Иргэд E-Mongolia руу ороод иргэний үнэмлэх авахыг цахим шилжилт гэж хэлэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

Энэ жилийн төсөв 18 ихнаядын төсөв орж ирсэн. 2018 онд анх санаачлан төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, норм нормативыг баримталдаг байх шаардлагатай зохицуулалтыг тусгасан. Тэр цагаас хойш жил бүрийн төсөв норм барих ёстой гэж ярьдаг. Салбар бүр реформ хийнэ гэж ярьдаг хирнээ төсөвт тусгаж орж ирдэггүй. Боловсрол, нийгмийн даатгал, цахим шилжилтийн реформ хийх гэж байна. Гэхдээ төсвийг харахаар энэ шинэчлэлт явах уу? Үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй.

Жишээ нь боловсролын салбарт тэгш боломжийг бий болгоно гэсэн боловч лаборатори сургууль, ердийн сургууль гээд маш олон төрлийн ялгаатай сургуультай. Анги дүүргэлт, танхим, багш нарын цалин нь стандартаа бариагүй төсөв батлуулдаг. 50 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн цалин, 15 хүүхэдтэй багшийн цалин хоёр ижил байдаг. 

Боловсролын салбарт норм барихад асуудал байхгүй. Багшийн ажиллах цаг, хүүхдийн тоо гээд бүгд тодорхой байдаг. Харин эрүүл мэндийн салбарт нэг өвчтөнд стандарт барина гэдэг хэцүү. Боловсролын тэгш боломжийг бий болгоно гэдэг бол төсөв дээр үүнийг уяж түүнийг баримтлах хэрэгтэй. 

Суманд 15 хүүхдэд хичээл зааж байгаа багш, СХД-т 50 хүүхдэд хичээл зааж байгаа багштай ижил цалин авч байгаа нь өөрөө тэгш бус байдал юм. Энэ төсвийг боловсруулахдаа норм нормативыг хэрхэн баримталсан бэ? Салбар болгоныг ярьж байгаа шинэчлэлтийг хийж чадах уу? 

Нийгмийн даатгалын шинэчлэлт хийнэ гэж багц хууль өргөн барьсан байгаа. Тэгэхээр хуримтлалын сангийн хууль орж ирнэ. Энэ төсөвтэй уялдах уу? Өнөөдөр ирээдүй өв санд хадгалагдсан тэр мөнгийг эргэж татаж аваад хуримтлал үүсгэнэ гэнэ. Эцэст нь хүүхэд бүрт хуримтлал үүсгэчихээд дахиад тэтгэврийн даатгалд авдаг мөнгө шиг банканд хийгээд буцаагаад иргэдэд нь зээлээд хэдэн банк мөнгө хожих юм уу? 

Тэр хуримтлалыг үүсгээд түүнийг хэн, ямар менежментээр удирдаж төсвөөс салж сангийн менежментээр зохицуулагдах уу?  Энэ төсвийн тухай хуульд энэ өөрөө харагдахгүй байна. Үүнд ямар бодолтой байна вэ? 

Цахим шилжилт хийнэ гэж байгаа. Энэ бол иргэд И-Монголиа руу ороод иргэний үнэмлэх авахыг хэлээгүй шүү. Үүний цаана улсын харилцаа холбоо буюу үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байгаа шүү. Кибер аюулгүй байдлыг хангах дээр төсөв суугаагүй байгаа. Эргэж харах хэрэгтэй. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ