http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Улстөр

Н.Учрал: Шинжлэх ухаан, инноваци хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

Өнгөрсөн хугацаанд үе үеийн засгийн газар салбарт бүрт зарлага гаргаж, олгосон төсвийг хэрхэн захиран зарцуулах талаар ярьдаг. Орлго хэрхэн олох вэ? гэдгийг бодож төлөвлөдөг яам гэж байхгүй байсан. Дэлхий дахинд улс орнууд дижитал засаглал гэж яриад байгаа. Үүний гол шалтгаан нь тоон засаглал. Ажилгүйдэл, ядуурал хэдэн хувиар буурсан бэ? Ажлын байр хэдээр нэмэгдсэн бэ? Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар өссөн бэ? гэдгийг хэмждэг үзүүлэлтээр улс орны хөгжлийн индексийг тодорхойлж байгаа. 

Тэгтэл манайд улс орон ямар байна вэ? гэхээр ерөнхийдөө дажгүй байна л гэж хэлдэг. Эдийн засаг өсөж байна уу? гэхээр ер нь дажгүй шүү, амьдрал ямар байна гэхээр ер нь сайжирч байна гэдэг бүрхэг томьёололтой. Салбарын сайдууд тоогоор ярьж сурмаар байна. Соёлын яамыг нэмэхэд би хэлсэн. Энэ салбар мөнгө олдог, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг байх ёстой. Эрүүл мэндийн салбар өөрөө Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөлөл өгдөг болох ёстой гэж хэлсэн. 

Энэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд зааснаар эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зайлшгүй хэрэгтэй. Хувийн компани касс, нягтлан хоёроо хэзээ ч нэг хүнээр хийлгэдэггүй. Нэг нь зарлагадаж, нөгөө нь орлогдож суудаг хүмүүс учраас. Ямар ч хараа ханалтгүй байна. Манай улсад өнөөдөр орлого, зарлагыг нэг газар хийж байна. 

Орлого олохыг бодох шаардлагатай бүтэц хэрэгтэй. Үндэсний инновацийн тогтолцоо гэж засгийн газрын хуульд одоо орж байгаа байх. Салбар бүрт технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмэн өртөг үлдээх бодлогыг боловсруулж байх ёстой инновацийн тогтолцоог хөгжүүлэх ёстой. Шинжлэх ухаан, инноваци хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухааны нээлт хийгээд оюуны өмч аваад үүнээс хойш  мөнгөжүүлэх, эдийн засаглуулах нь явагддаг. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ