МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Монгол Улс “криптовалют”, “виртуал хөрөнгө”-ийг албан ёсоор хуульчилан, хүлээн зөвшөөрсөн орон болох ёстой
2021.08.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Монгол Улс “криптовалют”, “виртуал хөрөнгө”-ийг албан ёсоор хуульчилан, хүлээн зөвшөөрсөн орон болох ёстой

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага “ФАТФ”-аас манай улсыг “саарал жагсаалт”-аас гаргах үедээ өгсөн зөвлөмжид виртуал хөрөнгө, тэр дундаа криптовалютийн эрх зүйн орчныг тодорхойлж хуулийн зохицуулалт хийх ажлыг чухалчилан захисан.

Өнөөдрийн байдлаар манай улсад 4 компани албан ёсоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бол криптовалютын зах зээлд албан бусаар оролцогч иргэд олон байгаа юм.  Тиймээс ч виртуал хөрөнгө, криптовалютын зах зээл, харилцааг зохицуулах эрхзүйн шаардлага зүй ёсоор үүсээд буй. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын хувьд Кибер аюулгүй байдлын индексээр өнгөрөгч 2020 онд 196 орноос 120 дугаар байрт бичигдсэн нь кибер аюулгүй байдал, түүний эрх зүйн болоод техникийн хамгаалалт сул байгааг харуулж байна.

Тиймээс төр үндсэн чиг үүргийнхээ хүрээнд кибер технологийн аюулгүй байдлын болоод виртуал хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн харилцааны аливаа эрсдлээс сэргийлэх, энэ төрлийн зах зээлийг өөрөөр нь хөгжүүлэх боломжийг нээх, мөн төрийн цахим шилжилтийг ахисан түвшинд гаргах гэсэн гол концефец дээр анхаарч ажиллаж, олон улсын ФАТФ зэрэг байгууллага болоод нийгэм, зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль гарах учиртай. Энэ тал дээр хамгийн их анхаарч, ажиллаж буй хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал билээ.

Тэрээр Цахим хөгжлийн багц хуулийн төслүүд болох "Нийтийн мэдээллийн тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлыг хамгаалах тухай”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, бүх талын аюулгүй, чөлөөт харилцаатай, хууль эрхзүйн хувьд бүрэн төгс хууль болгохоор ажиллаж байна. 

Өнгөрөгч долоо хоногт “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”-ийн ажлын хэсэг “Монголын финтек, блокчэйний зөвлөл” болон криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд УИХ-аас уг төрлийн харилцааг хуульчилж, хорьж цагдан, өндөр шалгуур босго тавьж, хааж боох гэж байна гэсэн ойлголттой байгаагаа илэрхийлцгээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, уг  хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал криптовалют, виртуал хөрөнгийн тухай хуулийн талаарх өөрийн байр суурийг хуваалцлаа.

Тэрээр “Энэхүү хуулийн төсөл нь ямар нэг хаалт, хавчилга гэхээсээ илүү дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг дагаж, Монгол улс “криптовалют”, “виртуал хөрөнгө”-ийг албан ёсоор хуульчилан, хүлээн зөвшөөрсөн орон болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хуульчилна гэхээр л хяналт шалгалт гэж ойлгож болохгүй. Зөв шударгаар, чинхүү хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс байхад нөгөө талд буруу шунаг сэтгэлтэй, залилан мэхлэх шинжтэй этгээдүүд ч нийгэмд байдаг учраас технологийн болоод санхүүгийн харилцааны аюулгүй байдлыг хуульчлан хамгаалж өгөх шаардлагатай байгаа. Бид хуулиа баталснаар олон улсад Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын индекс, өрсөлдөх чадвар дээшилж гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдэх, эдийн засагт эерэг нөлөө авч ирэх бүрэн боломжтой гэж харж байна” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ