http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлын хэсгийн гишүүд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа
2021.08.06
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ажлын хэсгийн гишүүд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар  (2021.08.05) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “e-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний хөгжлийг олон байршил дээр олон ажилчид ажилладаг, нэг байршил дээр олон ажилтан ажилладаг, операторын системд орж нэг ажилтан олон байгууллагын үйлчилгээг хүргэдэг, иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон үе гэж дөрвөн үе шатанд хувааж үзэж болох юм.

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

    “e-Mongolia” нь цахим засаглалын нэг хэсэг гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулгынхаа үеэр онцолж байв. Тэрбээр “Зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эсвэл төрийн үйлчилгээг цахимжуулаад орхихгүй. Техник технологийн хурдацтай хөгжлийн үед Засгийн газраас “Цахим үндэстэн” болох зорилт тавин ажиллаж байна. “Цахим үндэстэн” болохын тулд бүх нийтийн цахим хэрэглээний суурь чадавхыг сайжруулах, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай. Цахим шилжилтийг хийхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой” гэлээ. 

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн өгөгдлийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн технологийн тусгай тоног төхөөрөмж, зориулалтын орчин бүхий серверийн өрөө, иргэний үнэмлэх, гадаад паспортын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний танхим, нэгдсэн архивын үйл ажиллагаануудтай тус тус танилцав.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан байгууллагынхаа цахим үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж, Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар санал солилцлоо 

ШИНЭ МЭДЭЭ