МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Хүлээгдэж буй мах, түүхий эд ачсан машинуудыг яаралтай хилээр гаргах хэрэгтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа:

Тогтоолын есдүгээрт заасан коронавирусний халдвартай холбоотой, авто тээвэртэй холбоотой асуудлыг хасуулъя гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар Замын-Үүд дээр дулааны аргаар боловсруулсан 60 гаруй машин 20 гаруй хоног гарч чадахгүй байж байна. Өдөртөө 20-30 сая төгрөгийн зардал гаргаад Хятад руу экспортлож чадахгүй байна. Хятад улс тодорхой арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргахгүй байна. Үүнийг ХХААХҮЯ-аас анхаарах хэрэгтэй байна. Маш хурдан гаргахгүй бол энэ асуудал нэлээн хүндрэл дагуулах гээд байна. 

Хил дээр ноос ноолуур ачсан машинууд байна. Өнөөдөр Хятадын тал ямар хариу өгсөн гэхээр нэг машиныг 2600 юань-аар ариутгаж байж эхний ээлжинд ноос ноолуур ачсан машиныг татаж авах боломжтой гэсэн хариу өгсөн байна. Үүн дээр анхаарал хандуулж ажиллахгүй бол ААН байгууллагад сөхрөх, эрсдэлд орох аюултай байна.

Дулааны аргаар боловсруулж байгаа үйлдвэрүүдээ ХХААХҮЯ бодлогоор орон нутаг руу бариулах дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байна. Мал орон нутагт л байна. Тиймээс үүнийг байгуулж чадвал орон нутгийн мал худалдагдах, малчидад дэмжлэг болох юм биш үү? Квотоо авчихаад малаа гаргаж чаддаггүй, малаа бэлддэггүй квотоо зардаг үзэгдэл хавтгайрсан. Шошого наагаад квот авсан ААН байгууллагууд нь квотоо зараад экспортлох л ажил явж байгаа. Үүнийг цэгцлээд махаа бэлдэж байгаа газруудад онцгой анхаарахгүй бол авдаг хэдэн компаниуд л байгаад байна. 

Махыг экспортлох тал дээр урд хөрштэйгээ маш сайн ярих хэрэгтэй. Экспортын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Арабын Имратын элчин сайдтай уулзахад Монголоос мах авахад бүрэн бололцоо байна. Хамгийн гол нь хүнд суртал, журам, бичиг баримт, маш их шат дамжлагатай байдаг асуудал байна гэж ярьж байсан. Тэгэхээр шат дамжлагаа багасгаад гуравдагч улсууд руу гаргах асуудал дээр онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна. 

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ