МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална
2020.10.20
Улстөр

Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална

“Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны дарга нар, намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Харин Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Улсын Их Хурал бүрдэж, Байнгын хороодын дарга нарыг сонгож баталсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батлах шаардлага үүссэн байна. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд, Улсын Их Хурлын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ