УИХ-ын Тамгын газар бүх бичиг баримтаа цахимд шилжүүллээ
2020.10.07
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УИХ-ын Тамгын газар бүх бичиг баримтаа цахимд шилжүүллээ

УИХ-ын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчилах цахим системийг өнөөдөр нээлээ. Уг системийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэвлэлийн бага хурал хийв.

Дэлхий нийт 21 дүгээр зууныг цахим шилжилтийн буюу дижитал хувьсгалын зуун, Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үе гэж нэрлэж байгаа. Тиймээс УИХ цахим шилжилт хийхэд анхаарч, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулсан. Энэ хүрээнд УИХ цахим технолгид шилжиж байгаа.

Өдөр тутмын цаасны хэрэглээг багасгаж, шинэ программ, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд онцлов.

Тэрбээр, “Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчилах цахим системийг нээж байгаа. Энэ систем нь хууль санаачлагч, төсөл боловсруулагчид зориулсан lawmaker.parliament.mn, иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөд нь зориулсан lawforum.parliament.mn гэсэн үндсэн 2 хэсэгтэй.

Өнгөрсөн хугацаанд хууль санаачлагчид өөр өөрийн компютер дээрээ төслөө шивдэг байсан нь нэгдсэн загвартай болох, мэдээллийн сан үүсгэх, төслийн боловсруулалтын явцын мэдээллийг бүртгэж хадгалах боломжгүй байсан. Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн болон Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Одоо нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах ач холбогдолтой.

Тиймээс lawmaker.parliament.mn системийг УИХ-ын гишүүд, гишүүдийн ажлын алба, ЕТГ, Засгийн газар, яамд ашиглаж, хуулийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Салбарын эрдэмтэн мэргэд, иргэдэд тусгайлан урилга явуулж, хуулийг олон хүний оролцоотой боловсруулах боломж бүрдэнэ” гэлээ.

Иргэд lawforum.parliament.mn цахим хуудсанд хэрэглэгчийн бүртгэл нээж нэвтрэх боломжтой. Мөн Фейсбүүк болон google.mn ашиглан хялбар нэвтрэх боломжтой. Удахгүй emongolia.mn-д “Хуулийн төсөлд санал өгөх” гэсэн үйлчилгээ болж нэмэгдэх аж. Ингэснээр төсөл боловсруулахад иргэн, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой болох юм.

Үүнээс гадна УИХ-ын Тамгын газар дотооддоо ERP системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр Тамгын газрын дотоод үйл ажиллагаатай холбоотой бүхий л бичиг баримтыг цахимд шилжүүлэх боломжтой болсон байна.

Мөн яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хувиргах "Чимэгэ технологи”-ийг ашиглан УИХ-ын гишүүдийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг шууд текст хэлбэрээр тэмдэглэл болгон хадгалдаг болж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ