E-Mongolia апп хэрэглэснээр ТҮЦ машин хэрэггүй болно
2020.10.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

E-Mongolia апп хэрэглэснээр ТҮЦ машин хэрэггүй болно

Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn веб портал болон гар утасны апп-наасаа цахимаар авах боломжтой болсон билээ. Аравдугаар сарын 01-нээс эхлэн  дээрх үйлчилгээ нэвтэрснээр тав хоногийн хугацаанд нийтдээ 13 мянга 955 хүн төрийн үйлчилгээг авчээ. Үүний 45 хувь нь утсаар,  үлдсэн нь www.e-mongolia.mn веб порталд хандсан талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал,  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.

Ийнхүү төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой ажээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэтэй цаг хугацааг энэхүү систем Монгол Улсын иргэнд бүрт хэмнэж өгөх учиртай.

Ийм учраас Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд УИХ-д удахгүй өргөн барих талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ тухай “Цахим засаглалын хүрээнд төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг технологийн дэвшлийг иргэдэд хүргэхийн тулд УИХ-ын түвшинд  хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын  Инновац цахим бодлогын байнгын хорооноос Мэдээллийн аюулгүй байдлын хууль, Мэдээллийн өгөгдөл хамгааллын хууль, Төрийн цахим харилцааны хууль гэсэн гурван багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

"ЦААСАН БОЛОН ЦАХИМ БАРИМТ БИЧИГ ИЖИЛ ТҮВШНИЙ ЭРХЗҮЙН АКТ БОЛНО"

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр манай улс  дэлхийн 164 орноос 85 дугаар байранд, НҮБ-аас гаргадаг индексээр 193 орноос 92-т, иргэдийн цахим оролцооны индексээр 87-р байранд орсон үзүүлэлттэй.

Энэхүү үзүүлэлтүүдээс харахад манай улс технологид суурилсан, иргэн төвтэй, сайн засаглалыг хөгжүүлэх, уул уурхайд түшиглэсэн уламжлалт эдийн засгаас технологи, инновац буюу мэдлэгт суурилсан дижитал эдийн засагт суурилсан дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд өнөөгийн хуулиуд шаардлага хангахгүй байгаа.

Тиймээс хувь хүний өгөгдөл мэдээллийг алдагдах, анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглагдах зэргээс урьдчилан сэргийлэх  нөхцөлийг бүрдүүлэх, хувийн өгөгдөл, мэдээллийг боловсруулахад  хувь хүнээс нь зөвшөөрөл авах, хувь хүн бүр хувийн өгөгдөл мэдээллийг боловсруулах этгээдийн эрх, үүрэг тэдгээрийн хоорондын эрхзүйн харилцаа болон хувийн өгөгдөл хамгаалах харилцааг зохицуулсан мэдээллийн Өгөгдөл хамгааллын хуулийг боловсруулж байна.

Мөн мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлалыг хангах, мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг тусад нь авч үзэх Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хуулийг боловсруулж байна. Төрийн 181  үйлчилгээг цахимаар авах e-mongolia хөтөлбөрийн хүрээнд Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төслийг шинээр өргөн барих шаардлага зүй ёсоор тулгарсан.

Энэ хуулиар төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ хэрхэн солилцох мөн салбар болгонд ямар мэдээлэл нь нээлттэй байх уу гэдгийг зохицуулна.

Технологийн хувьд цахимд шилжсэн ч иргэдээс цаасан материал нэхдэг хэвээр байна. Иймээс Төрийн цахим харилцааны хуулиуд дагаад холбогдох хуулиудад мөн нэмэлт, өөрчлөлт орно. Цаасан болон цахим баримт бичиг ижил түвшний эрхзүйн акт болох учиртай” гэлээ.

Мэдээллийн дараа сонирхсон сэтгүүлчид асуултаа асуулаа.


Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хуулийн төсөлд хэрхэн тусгах вэ?

Өмнөх парламентын үед өргөн барьсан Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль төрийн байгууллагуудын хоорондын үл ойлголцлоос үүдэж яваагүй. Энэ удаагийн хуулийг боловсруулахдаа бид Эстони улсын цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиас нь үндэслэж гол үзэл баримтлалуудыг нь авсан. Ерөнхийдөө цахим засаглалыг сайн хөгжүүлсэн орнуудын  туршлагаас судалсан.

  1. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн гол онцлог нь мэдээллүүдийг төр хоорондоо өгөгдлөөр солилцох юм. Ингэхдээ ямар мэдээлэл нь ил тод байх уу гэдгийг нарийвчлан заана.
  2. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцохдоо  иргэдээсээ зөвшөөрөл авч миний ямар мэдээллийг төр ашиглаж байна вэ гэдгийг ч тухайн иргэн мэддэг байх ёстой. Үүнийг хуулиар бий болгоно.
  3. Мэдээллийг хадгалах, хамгаалах байгууллага нь нэг байж болохгүй байгаа юм. Тиймээс мэдээлэл хадгалах Дата төвийг хуулиар нь чиг үүргийг нь тодорхой болгож оруулна. Мөн  мэдээллийг  хамгаалах тусдаа чиг үүрэгтэй байгууллага байгуулна.
Цахим Монгол болсноор цаашдаа төрийн албан хаагчдын тоо буурах уу?

E-Mongolia аппликейшныг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо буурна. Мөн төрийн албаны чадавх нэмэгдэж, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэнэ. Иргэдэд цахим соёлыг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо өндөр байна.  

E-Mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх вэ гэдэг сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй. E-Mongolia апп хэрэглэж эхэлснээр ТҮЦ машин хэрэггүй болж байна.

ШИНЭ МЭДЭЭ