МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн бүх үйлчилгээ E-Mongolia дээр төвлөрч иргэд хаанаас ч үйлчилгээ авах боломж бүрдэж байна
2020.08.27
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төрийн бүх үйлчилгээ E-Mongolia дээр төвлөрч иргэд хаанаас ч үйлчилгээ авах боломж бүрдэж байна

УИХ-ын гишүүн, Инновац,цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр /2020.08.28/ Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон Эстонийн цахим засаглалын академи, Украин улсын Дижитал шилжилтийн яамны төлөөлөлтэй цахим хурал хийлээ.

Хуралд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй албаныхан оролцсон бол Эстонийн талаас тус улсын Цахим засаглалын академийн Стратеги, хөгжил хариуцсан дэд захирал, шинжээч Ханнес Асток, Эстонийн Мэдээллийн системийн агентлагийн Харилцаа холбооны асуудал хариуцсан менежер асан Катрин Паагмай болон Украины Дижитал шилжилтийн яамны дэд сайд Валерия Ионан нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төрийн цахим шилжилт хийх чиглэлээр олон зорилт дэвшүүлж, салбар бүрт цахим шилжилтийг зохион байгуулах ажлыг Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Иймээс E-Mongolia гэсэн нэг цахим платформын тусламжтайгаар төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх юм.

Нийт 181 үйлчилгээг цахимаар нэг дороос иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 106 үйлчилгээ цахим платформд шилжээд байна. Эстонийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын цахим шилжилтийн загварын жишигт тулгуурлан E-Mongolia цахим платформыг хөгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Хур, Дан гэсэн системийг бий болгосон. Эдгээр системүүд E-Mongolia гэсэн нэгдсэн нэг платформ руу шилжинэ гэсэн үг. Иргэд цахим нэг цонхны үйлчилгээ буюу “E-Mongolia” платформоос ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд 10-р сарын дундуур E-Mongolia гэсэн албан ёсны платформыг нээхээр зорин ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ