Н.Учрал: 2050 он гэхэд тэтгэврийн сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрнэ
2020.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: 2050 он гэхэд тэтгэврийн сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрнэ

Эх сурвалж. Монголын мэдээ сонин, сэтгүүлч Х.Болор

 -Оюуны өмчөө барьцаалан зээл авах боломжтой- 

УИХ-ын гишүүн Н.Учралтай Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар ярилцлаа. 

-Тэтгэврийн даатгалын системийг шинэчлэх асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болсон бэ. Ажлын хэсгийг нь та ахалж байгаа шүү дээ? 

-УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон өнөөдрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Одоо мэдээллүүдийг цуглуулж анализ хийгээд, тодорхой шийдэлд хүрч байгаа гэхэд болно. 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш ямар үр дүнд хүрснийг бид бүхэн харж байна. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг ярьдаг хэдий ч бодит ажил болгож чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Тэтгэврийн даатгалын сан хамгийн их алдагдалтай сан учраас улсын төсвөөс маш их татаас авдаг. Энэ алдагдлыг тэнцвэржүүлэхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсвэл тэтгэврийн насыг хойшлуулах гэсэн хоёрхон сонголт бий. 2050 он гэхэд энэ сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрэх бодит эрсдэл байгаа юм. Тэгэхээр энэ тогтолцоогоор явах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд энэ хуулийг боловсруулж, өргөн барина. 

-Хуулийн гол агуулга нь юу юм бэ. Хувийн тэт­гэврийн сан гэхээр улсад нийгмийн даатгалын шимт­гэл төлөхгүй гэсэн үг үү?

-Үгүй. Тэгж ойлгож болохгүй. Тэтгэвэрт гарахдаа төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжийг нээнэ гэсэн үг. Өмнө нь Засгийн газар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуульд нэлээд ажиллаж байсан юм билээ. Одоогийн систем нь ажилтан, ажил олгогч, төр гэсэн гурван субьект гурвуулаа сэтгэл хангалуун бус систем. Өөрөөр хэлбэл, татаас өгч байгаадаа төр, есөн хувийн шимтгэл төлж байгаадаа ажилтан сэтгэл хангалуун бус байна. Ажил олгогч ч сэтгэл дундуур. Бидний өргөн барих хуульд үүнийг хэрхэн зохицуулсан бэ гэхээр, улсад төлж байгаа есөн хувийн шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд төлдөг байх юм. Хувийн тэтгэврийн сан нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, эдгээр сангуудыг төрөөс бодлогоор дэмжинэ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газар өргөн мэдүүлэх ёстой юм.

УИХ-ын гишүүдийн зүгээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн бариад тогтолцооны хувьд урагшаа алхах боломж байгаа гэж харж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниуд яг хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийн дагуу ажиллаж байгаа юм. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангуудад эрхийг нь олгодог Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой болгоод явах ёстой. НББСШУ-ы байнгын хороо Хөдөлмөрийн яамтай хамтран 2017 онд Латви болон Унгар улсад очиж туршлага судалсан. Тэнд хүүгээс хүү бодох аргачлалаар авч үзвэл сард цалингаасаа 30 мянган төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэйгээр хувь тэтгэврийн санд хийхэд 30 жилийн дараа 410 сая төгрөг болж байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэснээр бид энэ шинэ гараанаас гарах нөхцөл бүрдсэн. Нийгмийн даатгалын сан банкуудынхаа барьцаанд орчихсон байсан юм билээ. Тэтгэврийн зээлийг тэглэснээр одоо боломж гарч ирж байна. Одоо бид хөрөнгийн зах зээлээ босгож авах ёстой. Сингапур шиг тэтгэврийн сан нь иргэний хамгийн том батлан даагч нь байдаг систем рүү шилжих алхмыг хийж байна гэхэд болно.

-Нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийнхээ тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн санд өгөх нь гэж ойлгож байна?

-Тийм. Бид нийгмийн даатгалын шимтгэлд цалин­гийнхаа есөн хувийг өгдөг шүү дээ. Үүнийхээ дөрвөн хувийг нь өөрөө сонгоод хувийн тэтгэврийн санд өгч болно. Тэгэхээр Монгол Улсад хувийн тэтгэврийн сангуудыг байгуулах шаард­лагатай. Нэг сая төгрөгийн цалинтай хүн 190 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимт­гэлд төлдөг бол түүнийхээ 90 мянгыг нь өөрөө төлж байгаа. Энэ 90 мянгынхаа 40 мянгыг нь хувийн тэтгэврийн санд сонгоод өгчихнө. Банкинд мөнгө хадгалж байгаатай адилхан жилийн 15 хувийн өгөөж бодно. Ингээд хүүгээс хүү бодогдоод хадгаламж шиг өсөн нэмэгдээд явах юм. Тэтгэвэрт гарах үед та төрийн тэтгэврийн сангаас ийм хэмжээний тэтгэвэр авахаар байна. Харин хувийн тэтгэврийн сангаас ийм хэм­жээний тэтгэвэр авна гэд­гийг тухайн иргэнд санал бол­гоно. Өөрөөр хэлбэл, хоёр са­нгаас тэтгэвэр авна гэсэн үг. 

-Есөн хувийн шимтгэл төлж байхад алдагдалтай бай­гаа одоогийн тэтгэв­рийн даатгалын сан тэгэ­хээр улам их алдагдалд орох юм биш үү?

-Тэтгэврийн даатгалын сан одоо 600 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авч байна. Энэ байдлаар явбал 2050 он гэхэд энэ тоо ДНБ-ний таван хувьд хүрнэ гэдэг нь хоёр дахин өснө гэсэн үг. Тэгэхээр одоогийн шимтгэлд суурилсан тогтолцоо цаашаа явах ямар ч бололцоогүй болчихлоо шүү дээ. Энэ нь хөрөнгийн зах зээл явахаа больчихсонтой холбоотой гэж болох юм. Төгрөгийн ханш тогтмол унаж, долларын ханш үргэлж өсөж байна. Тэгэхээр бидний татварт төлсөн мөнгөнаас гал унтраах байдлаар 600 тэрбум төгрөгөөр дараад яваад байгаа юм. Аргаа бараад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмье гэж байна. Эсвэл тэтгэврийн насыг хойш­луулчихдаг. Тиймээс Хувь тэтгэврийн сангийн хуулиа гаргаад хөрөнгийн зах зээ­лийг босгож ирж, урагшлах ёстой юм. Санхүүгийн тоо­цоол­­лыг нь ч гаргачихсан. Ямар ч байсан хуулиа эхлээд гаргачихъя, тэгээд иргэнд сон­голтыг үлдээе гэдэг байдлаар ажиллаж байна. 

-Хувь тэтгэврийн сан хэр найдвартай юм бэ. Эрсдлийг хэрхэн тоо­цоол­сон бэ?

-Банк бус санхүүгийн бай­гуул­лага, хадгаламж зээ­лийн хоршоодын үйл ажил­лагаа дампуурч байсан то­хиолд­лууд байдаг. Тиймээс хуульдаа Хувийн тэтгэврийн сан­гуу­дын шалгуурыг маш өндөр тавьж өгөх хэрэгтэй. Одоогоор зөвхөн төсөл байдлаар явж байгаа шүү дээ. Түүнээс гадна дүрмийн сангаа тодорхой тавьж өгөх ёстой юм. Төрийн бус байгууллагуудын ажилладаг зарчмынх нь дагуу тусгай зөвшөөрлийг нь олгож, хяналт шалгалт явуулна. Нэг ёсондоо Санхүүгийн зохицуулах хороо үүнийг бүрэн хяналтдаа авна гэсэн үг.  Хувийн тэтгэврийн сангууд бол өөрсдийн санхүүгийн менежментээр л үйл ажиллагаа явуулна. АНУ-д А,В,С гэж ангилаад, А ангилалд нь Засгийн газрын бонд, төрийн өмчит компанийн хувьчлал, Б-д нь хувийн компаниудаас гаргаж байгаа бонд, үнэт цаас гэх мэт үнэлдэг. Хувь хүн аль руу нь хийх вэ гэдгээ сонгоод явчихдаг юм билээ. Үүнээс гадна тэтгэврийн санд шилжилт хийхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл өөрт нь илүү ашигтай хувилбар санал болгосон тэтгэврийн сан руу шилжих боломжтой гэсэн үг. Тэтгэврийн сан хамгийн том хөрөнгө оруулагч болох тогтолцоо руу явах ёстой. 

-Энэ намрын чуулганаар баталсан хамгийн үр өгөөжтэй хуулиуд таныхаар ямар хуулиуд байв? 

-Түүхэнд байгаагүй ачаа­лалтай, олон цаг хуралдсанаас гадна Үндсэн хуулиа баталсан маш өндөр үр өгөөжтэй чуулган боллоо. Миний хувьд маш том дэвшилт гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл олон жил ярьсан Инновацийн хуулийг баталлаа. Гарааны компаниуд үүнд маш их баярлаж байна. Гараанаас гарч байгаа компаниудад олон нийт хувьцаа гаргах эрхийг нь нээж өгсөн. Мэдээллийн технологийн компаниудыг татвараас дэмжихийг энэ хуулиар хийж өглөө. Хамтын оффисуудыг бүртгэлжүүлж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хамгийн чухал хуулиудын нэг болсон гэж бодож байна. Кино, дуу зэрэг төрөл бүрийн контент үйлдвэрлэж байгаа уран бүтээлчид, зохион бүтээгч, инженерүүд, эрдэмтдийн бүтээлийг үнэ цэнтэй болгож байгаа юм. Шинэ зууны залуус сэтгэж, оюуны бүтээл хийж, түүгээрээ сайхан амьдрах боломжийг энэ хуулиар нээж өгсөн.

Тухайл­бал, Н.Жанцан­норовын “Мандухай цэцэн хатан”-ы хөгж­мийг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид үнэлээд, түүнийг нь банкинд барьцаалдаг болно. “АПУ”-гийн логог барьцаалж байсан түүх Монголд бий. Эдийн бус баял­гийн үнэ­лэх анх­ны том зохи­цуу­лал­тыг энэ хуулиар хийж өг­сөн юм. Дуу­чид, уран бү­тээл­чид, кино­чид, эр­дэм­тэд гээд өөрийн бү­тээ­лээ оюуны өмчийн үнэл­гээ­чээр үнэлүүлж, түү­ний­гээ эдийн засгийн эргэлтэд оруулах бо­ломж­той. Оюуны өм­чөө барьцаалан хө­­рөн­гө оруу­лалт та­таж болно гэсэн үг. Би яриад бай­сан хоёр том хуулиа энэ нам­рын чуул­ганаар бат­­луулж чад­лаа. Баяр­­тай бай­на. Ирэх хаврын чуул­га­­наар хүлээг­дэж байгаа том хууль бол Мэр­гэж­лийн хол­боо­ны эрх зүйн байдлын тухай хууль юм. Энэ хуулийг хав­рын чуулганаар баталж чад­вал нэг салбар нэг дуу хоо­лой­гоор ярьдаг болно. Монголын телевизүүдийг нэг л байгууллага төлөөлөх эрх­тэй болно. Мэргэжлийн хол­боод нь зарим чиг үүргийг хэрэгжүүлж төрийн данхар бүтцийг байхгүй болгох юм. Энэ хуулиас гадна Санхүүгийн зах зээлийг босгох Хувийн тэтгэврийн сангийн хуулийг хүлээж байна. Миний батлуулсан эдгээр хуулиудын үр өгөөж, 10-20 жилийн дараа гарна гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ