Н.Учрал: Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн эдийн засгийн тулгуур болно
2019.02.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Учрал: Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн эдийн засгийн тулгуур болно

Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь уул уурхай, түүнийг дагасан хөдөлмөр эрхлэлт гэж үздэг байсан цаг ард хоцорч байна. Аливаа үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нь мэдлэг дээр суурилсан, нэмүү өртөг шингэсэн цагт үнэ цэнтэй байдаг гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Монголчууд нэн түрүүнд хууль, эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулснаар дэлхийн дээрх хөгжилрүү алхам ойртох боломжтой юм. 

Парламентын үйл ажиллагаа, мэдлэг шингэсэн эдийн засаг, хөгжлийн дараагийн загвар болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

Vip76: Энэ удаагийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд 2,5 жил өнгөрчээ. Та УИХ-д сонгогдсон 41 шинэ гишүүний нэг. Парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

Би өнгөрсөн хугацаанд хуулийг боловсруулах үйл ажиллагаанд түлхүү оролцох зарчим баримталсан. Аливаа хууль нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон шүүлтүүрээр тунгаагдаж байж батлагдах ёстой. Батлагдсан хуулиудыг дагалдан гарах дүрэм, журмууд ч шуурхай батлагдах үйл ажиллагаанд оролцохыг эрмэлзэж ажилласан.

АЛИВАА ХУУЛЬ НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦСЭН, ОЛОН ШҮҮЛТҮҮРЭЭР ТУНГААГДАЖ БАЙЖ БАТЛАГДАХ ЁСТОЙ

Би хуульч мэргэжилтэй. Үндсэн хуулийн эрх зүй, Нийтийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж, энэ чиглэлээр илтгэл тавьж, оюутнуудад лекц уншдаг байсан. Мөн Англид суралцаж байхдаа Англи-саксоны орнуудын 2 танхимтай парламентаар дамжин хууль нь хэрхэн чанартай батлагдан гарч байдаг зэргийг харсан. Тийм учраас сайн жишгүүд нь манай улсын хууль тогтоох үйл ажиллагаанд чухал хэрэгтэй болохыг мэдэрч, УИХ-ын гишүүнээр ажилласан дээрх хугацаанд эдгээрийг нутагшуулахаар чармайн ажиллалаа.

Vip76: Энэ хугацаанд хууль тогтоох үйл явцад ахиц гарсан уу?

Өнгөрсөн жилүүдэд батлагдсан хамгийн чухал хууль бол “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” байсан. Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Ингэснээр УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоомжууд тодорхой шат дамжлагыг давж байж батлагддаг боллоо. Сонгуулийн жижиг тойргуудаас иргэдийн мандатаар сонгогдож байгаа учраас хэдийгээр Монгол гэсэн нэгдмэл улс боловч 76 тойргуудад хуваагдаж төсөв батлагддаг.

Гишүүд 4 жилийн хугацаанд улсын томоохон аж үйлдвэржилт, хөгжлийн бодлого, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах боломж хумигдмал байдаг гэдгийг мэдэрлээ. Мөн олон хууль богино хугацаад батлагддаг. Даган гарах журмууд нь хүлээгддэг гэх мэтээс шалтгаалаад чанартай хуулиуд гарч чадахгүй тохиолдол ч байна. Мөн УИХ-ын гишүүд хууль боловсруулах баг, судлаачдыг сайн ажиллуулж чаддаггүй юм байна гэдгийг харлаа. Тиймээс залуу гишүүд энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө ажиллах ёстой юм.

Vip76: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сүүлийн жилүүдэд их яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

Хууль батлаад хөгжлийн бодлого, улс төрийн тогтолцоо ярих ёстой гишүүд сонгуулийн тойргийн хүрээнд ажлаа явуулаад байгаа нь өнөөгийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсоныг илтгэж байна. Тиймээс энэ өөрчлөлтийг залуу гишүүдийн зүгээс зоригтой хийх ёстой. Миний хувьд гадаад орнуудын хууль, эрх зүйн хөгжлийн чиглэлээр судалгаа хийж, олон орны харьцуулалт хийж, улс орнуудын төр эрх зүйн чиглэлээр ном хэвлүүлсэн. Сайн жишгийг бид нутагшуулах тал дээр анхаарч ажиллана. Монгол Улсын хувьд хоёр танхимтай парламентын тогтолцоо хамгийн тохиромжтой гэдэгтэй санал нийлдэг.

Дээд, доод танхимтай парламент нь доод танхимаа иргэдээсээ сонгодог, байнгын ажиллагаатай биш. Дээд танхим нь доод танхимаасаа томилогддог бөгөөд байнгын ажиллагаатай байна. Дээд танхим нь хуулиа баталж, бодлогын хөтөлбөр, тогтолцооны тал дээр мэргэжлийн ажиллана. Харин доод танхим нь улсын төсвөө батлаад иргэдийн амьдрал, эдийн засгийн макро түвшний шийдвэрүүдийг гаргаж, иргэд, нийгэмтэйгээ илүү ойр ажиллах ёстой юм. Тиймээс үндсэн хуулийн өөрчлөлтөд манлайлан оролцож, тогтолцооны өөрчлөлтийн тал дээр ажиллах болно.

Vip76: Та УИХ дахь Цахим бодлогын түр хороог тэргүүлдэг. Өнгөрсөн хугацаанд түр хорооны байгуулагдсан зорилтуудын биелэлт ямар түвшинд байна вэ?

Цахим бодлогын түр хороо тодорхой зорилтуудын хүрээнд байгуулагдаж, түүнийхээ биелэлтийг хангаж дуусаад татан буугдах ёстой. Монгол улсын хувьд хөгжлийн томоохон алхмыг хийсэн нь Парламентын үйл ажиллагаанд Цахим бодлогын түр хороог байгуулсан явдал юм. Дэлхийн улс орнууд хөгжлийн шалгууртаа аз жаргалын индексийг бий болгож, түүгээрээ хэмжүүр хийж байна. Энэ нь төрийн үйлчилгээнд хүнд суртал хэр байгаагаар тодорхойлогддог. Төрийн үйлчилгээг цахим болгоод иргэд үйлчилгээ авахад стрессгүй, хүнд сурталгүй болох хэрээрээ аз жаргалын индекс нэмэгддэг.

БУХИМДАЛГҮЙ НИЙГЭМД ИРГЭДИЙН АЗ ЖАРГАЛ НЭМЭГДДЭГ

Цахим бодлогын түр хороо бол төрийн цахим шилжилтийг төгөлдөржүүлэн, иргэдийнхээ аз жаргалын индексийг нэмэгдүүлэх туйлын зорилготой. Алхам алхмаар ажлууд амжилттай хийгдэж байна. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хэд хэдэн агентлагуутай уулзаж цахим шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын тайланг сонслоо. Шаардлагатай шалгалт хийх түр хорооны ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. Төрийн цахим шилжилтийн нэг хэсэг болох ХУР, ДАН гэсэн 2 систем бий. Энэ 2 систем маш үр дүнтэй байна. Үүнийг цаашид улам төгөлдөржүүлэхийн төлөө ажиллах ёстой.

ТӨРИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу хиймэл оюун ухаанаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бий болгох тал дээр дэлхий нийт анхаарч байна. Манай улс ч энэ чиглэлрүү явах ёстой. Гэхдээ үүний цаана хүний хийх ажлыг робот хийгээд ирэхээр ажилгүйдэл бий болох эрсдэлтэй ч хэрхэн хөрвөх боломж байгааг бид судлах ёстой. Үүнд бид боловсролын тогтолцоогоо өөрчлөн, бэлтгэх хэрэгтэй. Цахим бодлогын түр хорооны зүгээс аж үйлдвэрийн IV хувьсгалын чиглэлээр А.Ундраа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ сэдвээр хэлэлцүүлэг хийж, УИХ-аас бодлогын баримт бичиг гаргахаар ажиллаж байна.

Vip76: Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах боломж аль салбарт байна вэ?

Бид олон жил уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай явж ирлээ. Цаашид дотоод биш гадаад зах зээлээс үнэ ханш нь хамаарч байдаг энэ байдлаа өөрчилж эдийн засгийн орлого бүрдүүлэх өөр нэгэн тулгууртай болох цаг ирсэн. Үйлдвэрлэл хөгжиж, бүтээх эрмэлзэл монголчуудад нэмэгдэж байна.

Харин дэлхий дахин мэдлэг шингээсэн үйлдвэрлэлрүү шилжээд явж байна. Монгол Улс ч үүнийг дагах ёстой. Энэ бол Инноваци, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх юм. Аль нэг салбар бус бүх салбартаа мэдлэгийг шингээсэн цагт өнөөдөр 1000 төгрөгөөр зарж байгаа бүтээгдэхүүн мэдлэг шингээснээр 10,000 төгрөгөөр үнэлэгдэх боломж бий.

МЭДЛЭГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 2 ДАХИН НЭМЭГДДЭГ

Бид өнгөрсөн хугацаанд үүнийг ойлгочихлоо. Одоо харин хийх цаг болсон. Жишээлбэл бид нийтийн тээврийн салбартаа заавал БНСУ-аас эсвэл БНХАУ-аас өндөр үнээр автобус худалдан авах шаардлага алга. Монгол инженерүүд цахилгаан хөдөлгүүртэй автобус үйлдвэрлэчихээд байна.

Харин үүнийг нийтийн тээврийн хэрэгжлээг хангах үйлдвэрлдэхэд нь төр дэмжлэг үзүүлж хөрөнгийн эх үүсвэр, зээл, баталгаа цаашлаад татварын хөнгөлөлт зэргээр дэмжих шаардлагатай байна. Богино хугацаандаа бид тавантолгойгоосоо олборлоод гаргаж байгаа түүхий нүүрсээ угааж сайжруулаад 5 төгрөг нэмээд зардаг тэр мэдлэгийг л хэрэглэх шаардлага үүсээд байна.

Vip76: Өнгөрсөн 3 жилийн Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах үйл явцад та оролцсон. 2019 оны төсвийн тухай хууль өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой батлагдсан бэ?

2018 оны 6-р сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэлгүй олон барилга байгууламж зогссон. Учир нь ямар ч норм, норматив баримтлаагүйгээс болж төсөвт орж ирсэн үнийн дүн яг ижилхэн багтаамжтай барилгууд дээр өөр өөр тавигдсан байсан.

Тиймээс төсвийн мөнгийг хариуцлагатай байлгах үүднээс хуульд норм, норматив барих тусгайлсан заалт оруулж өгсөн. 2019 оны төсвийг батлах үед миний санаачилсан хуулийн өөрчлөлтийн дагуу аливаа бүтээн байгуулалт заавалд зураг төсөлтэй, газар зохион байгуулалтын асуудал шийдэгдсэн барилга дээр хөрөнгө оруулалт нь шийдэгдэж батлагдсан.

ТӨСВИЙН ХУУЛЬ НОРМ, НОРМАТИВЫГ БАРИМТАЛДАГ БОЛЛОО

Энэ бол маш том дэвшил. Тиймээс манай ч гэлтгүй олон тойргуудад бүтээн байгуулалтууд 2019 онд олноор хийгдэнэ. Жишээлбэл СХД-ийн 23-р хороо түүхэндээ сургууль цэцэрлэгтээ байгаагүй. Харин 640 хүүхдийн суудалтай, спорт заалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн. 2019 оны 9-р сард ашиглалтад орно. Мөн цэцэрлэг баригдана. 5 хороонд амралт, чөлөөт цаг өнгөрөөх соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. СХД-ийн захын гэр хорооллуудад хүчдэлийн уналт маш их асуудал болдог байсан. Үүнийг шийдвэрлэж Эрчим хүчний сайдын багцад 4 байгууламж барихаар төсөвт суулгуулаад байна.

Vip76: Та өнөөгийн боловсролын тогтолцооны талаар байр сууриа илэрхийлнэ үү? Боломж өргөн байгаа юм шиг хэрнээ тэгш хүртээмжтэй байж чаддаггүй нь ямар шалтгаантай вэ?

Өнөөгийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юу гэвэл маш их шаардлагатай байна гэж хэлнэ. Дээд боловсрол эзэмшээд гарч байгаа залуучууд ажлын байргүй, хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжил эзэмшээд л байна. Харин эрэлт ихтэй байгаа мэргэжилүүд олон бий. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаа хийгээд эрэлттэй байгаа салбар, мэргэжлээ тоо хэмжээтэй нь тогтоогоод боловсролын яаманд захиалга өгч эрэлт нийлүүлэлтийг хангаж, зохицуулдаг болох хэрэгтэй.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Жишээлбэл СХД-ийн Тэмүүжингийн цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийн багшаар ажиллах мэргэжлийн багш хайгаад олдохгүй байна. Өнөөдөр ажиллаж байгаа нь тэтгэвэрт гарах насанд хүрчихсэн. Гэтэл залуу багш нар тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сэргээн засах чиглэлээр сурдаггүй, энэ мэргэжлийг эзэмшихгүй болохоор энэ салбарт багшийн хомсдол үүсчихээд байна. Одоо үүн дээр төр бодлогоо гаргах ёстой. Тиймээс би “Тусгай хэрэгцээтэй боловсролын тухай хуулийн төсөл” дээр ажиллаж байна.

Vip76: УИХ-ын гишүүн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцохоос гадна сонгогдсон тойргийн хөгжил, иргэдийн аж амьдралд анхаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Энэ ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?

Монгол Улсын парламентын сонгуулийн тогтолцоо нь мажоритар буюу жижиг тойрогт хуваагдаж, тэндээсээ иргэдийн сонголтоор гишүүн болдог. Энэ тогтолцооны дагуу сонгогдсон гишүүд хууль батлах, тойргийн иргэдийн амьдрал, хөгжлийн асуудалд давхар анхаарч байна. Миний сонгогдсон тойрогт төрийн шийдвэр нэн шаардлагатай олон асуудлууд их бий. Жишээлбэл 1960-аад оны үед баригдсан олон орон сууцны барилгуудтай. Иргэдийн амьдрах нөхцөл нийлээд хүндэрсэн. Агаарын бохирдол ихтэй, авто замын шинэчлэл нэн яаралтай хийх олон хэсэг байдаг гэх мэт.

СОНГОГДСОН ТОЙРОГТОО СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАХ ЁСТОЙ

Эдгээр ажлуудад жил бүрийн улсын төсөв батлагдах үед маш их анхаарал хандуулан ажиллаж байна. Өмнө нь энэ тойргоос сонгогдсон гишүүд үнэхээр сэтгэлгүй ажилласан юм байна гэж би дүгнэдэг. Энэ тойргоос өмнө нь Монголын төр нийгмийн өндөр албанд ажиллаж байсан нэр хүндтэй хүмүүс сонгогдсон ч иргэдийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлуудыг нүд хуурах төдийд л хийдэг байсан нь харагдлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Энэ тойргоос сонгогдох болсон маань ч үүнтэй холбоотой. Итгэл алдарсан иргэдийнхээ итгэлийг дааж яваа хүний хувьд амалснаа биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Энэ тойрогт өмнө нь төсөвлөгдөж байгаа их санхүүжилтийг тусгуулсан. Нийслэл болон дүүргийн иргэдийн төлөөлөгчидтэй хамтран олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Vip76: Иргэд сонгосон хүнээ УИХ-ын гишүүн болсоноос нь хойш зурагтаар л хэд харсан гэх шүүмжлэл байдаг. Та тойргийн иргэдтэйгээ хэр их уулздаг вэ?

Сонгогдсон тойргийн иргэдтэйгээ уулздаг уламжлал болсон өдрүүд бий. Мөн иргэд утсаар болон захидал, албан бичгээр хүсэлтээ уламжилдаг. Сүүлийн үед цахим харилцаа өндөр хөгжсөн учраас санал хүсэлтээ фэйсбүүк хуудсаар дамжуулан бичиж үлдээдэг болсон. Миний хувьд ажлын албаараа дамжуулан иргэдтэйгээ харилцдаг ч УИХ-ын гишүүний ажлын албаны бүрэлдэхүүн хүрэлцдэггүй. Тиймээс СХД-ийн хороо бүрт өөрийн бие төлөөлөгчийг томилон ажиллуулж байна.

Тэд маань их сайн ажиллаж байгаа. Иргэдтэй уулздаг өдөртэй. Тэр өдрөө иргэдийн санал хүсэлтийг сонсоод, захидал бичгийг нь хүлээн аваад надад дамжуулдаг. Түүнийг нь би холбогдох байгууллагуудруу хүсэлт, бичиг илгээн шийдвэрлэх боломжтойг нь шийдээд явж байна. Ахмадын баяр, Цагаан сар, Хүүхдийн баяр гэх мэт баярыг тохиолдуулан уламжлалт уулзалтуудаа хийдэг.

Vip76: Төрийн түшээ хүн эрх ашгаа зөв эрэмбэлж чадсан цагт эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадна гэж боддог. Та боловсролын салбараас улс төрд орсон учраас сайн ёс зүйг баримталдаг болов уу гэж харж байна. Та эрх ашгаа хэрхэн эрэмбэлдэг вэ?

Манай гэр бүл 1990 оноос хойш төрд ажиллаж, уул уурхайн лиценз эзэмшиж явсан хүн байхгүй. Харин улсад татвараа төлж, ажлын байрыг нэмэгдүүлж, боловсролын салбарт хувийн бизнес эрхэлж явсаар өнөөдрийг хүрсэн. Миний аав, ээж өнгөрсөн 30 гаруй жил энэ л бизнесээ эрхэлж амьдарсаар ирлээ.

Бизнесийн зарчмаараа өсөн дэвжээд, өнөөдөр 500 гаруй хүнийг ажлын байраар хангаад явж байна. Энэ гэр бүлд төрж, өссөн хүний хувьд би эд мөнгөнөөс илүү эрдэм мэдлэгийн мөр хөөж олон жил явсан. Сурсан мэдсэнээ олон мянган оюутан залууст илтгэл, лекц тавьж хуваалцаж байсан бол өнөөдөр улс орныхоо хууль, эрх зүйн орчныг сайжруулж, төгөлдөржүүлэх ажилд зориг шулуудан орсон маань энэ.

ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ҮЙЛ ХЭРЭГТЭЙ ТУУШТАЙ АЖИЛЛАНА ГЭЖ ШИЙДСЭН

Би ярианыхаа эхэнд хэлсэн. УИХ-ын гишүүнээр нэр дэвших шийдвэр гаргахдаа л би өөрийн эрх ашгийн эрэмбийг гээж, эрх зүйт төрийн үйл хэрэгт тууштай ажиллана гэж зорилт тавьсан. Энэ ч зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна.

Хүн олон замаар зэрэг алхаж чадахгүйтэй адил миний эрх ашгийн эрэмбийн эхэнд төрт нийгмийн тулгуур болох хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажил бичигдэнэ.

Vip76: Баярлалаа.

Ярилцсан Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ