Ирэх жил 62-р сургууль гурван ээлжээр хичээллэхээ болино
2018.12.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ирэх жил 62-р сургууль гурван ээлжээр хичээллэхээ болино

Хот руу чиглэсэн их нүүдлийн томоохон хор уршиг нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дээрх ачаалал нэмэгдсэн явдал билээ. Үүнээс үүдэн зарим сургуулиуд 3 ээлжээр хичээллэж, хамгийн сүүлийн ээлж нь оройн 20 цаг хүртэл хичээллэж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 62-р сургууль ч мөн дээрх жишгийн дагуу өдрийн 3 ээлжээр хичээллэж байгаа нь тус сургуульд суралцдаг СХД-ийн 19, 5, 6, 23, 27-р хороодын нийт 4400 орчим хүүхэд, тэдний эцэг эхэд тун хүндрэлтэй байсан юм.

Тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал 2018 оны Монгол улсын төсөвт тус сургуулийн 650 хүүхдийн суудал бүхий өргөтгөлийн барилгын ажлыг суулгуулсан ч өдий болтол сонгон шалгаруулалт нь зарлагдахгүй хэл ам дагуулсаар байсан юм. Та бүхэн санаж буй бол УИХ-ын гишүүн Н.Учрал 2018 оны улсын төсөвт тавьсан Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг дээрх сургуулийн төсвийн асуудлаар тайлбарлан эсэргүүцэж байсан билээ. Саяхан хүртэл салбарынх нь сайдтай чуулганы танхимд мөн л уг сургуулийн барилгын ажлын сонгон шалгаруулалтын асуудлаар ам мурийж, сонгон шалгаруулалт зарлахгүй, төсөв мөнгийг нь яаман дээрээ хав дараад сууж байгаа талаар шүүмжилж байсаныг санаж байгаа байх.

Тэгвэл тус барилгын ажил өнгөрөгч амралтын өдөр шаваа тавьж барилгын ажлаа эхлүүллээ. Зарим эцэг эхчүүдээс сургуулийн биеийн тамирын талбайг байхгүй болгож барилга барих гэлээ гэсэн шүүмжлэл ирж байсан ба үүнийг барилгын гүйцэтгэгч компаниас тодруулахад биеийн тамирын талбайг сургуулийн баруун талд нь шилжүүлэн тохижуулж байгаа талаар дурдсан юм. Тус оны улсын төсөвт суугдсан ажил хэрвээ ондоо багтаж эхлэхгүй бол он дуусангуут хүчингүй болж буцаан татагддаг. Хэрвээ буцаан татагдсан бол энэ сургууль ойрын хэдэн жилдээ баригдахгүй байх эрсдэлтэй байлаа.

Ер нь ч аль 2013 оноос эхлэн тус сургууль 3 ээлжээр хичээллэж оройн ангиуд 20 цаг хүртэл хичээллэж, түүнээс улбаалан хол гэртэй хүүхдүүд харьж явах замдаа гэмт хэрэгт өртөх эрсдэл бий болж, түүн дээр нь ч гишүүд төлөөлөгчид амлалт өгч дэвшсээр байсан ч өдийг хүртэл шийдэгдээгүй байсан юм.

Ирэх жил буюу 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Нийслэлийн 62-р дунд сургууль 2 ээлжээр хичээллэж стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд хүүхэд багачууд маань суралцаж эхлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ