Сайн мэдээ: 15 хүүхэд БНСУ-д ажиллаж буй эцэг эхтэйгээ уулзана
2018.11.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сайн мэдээ: 15 хүүхэд БНСУ-д ажиллаж буй эцэг эхтэйгээ уулзана

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээгээр Монгол Улс, БНСУ-ын он удаан жилийн дипломат хамтын ажиллагааг сайжруулах, БНСУ-д урт хугацаагаар ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж тэдний бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулж баяр хөөртэйгээр уулзуулах юм.

Эргэн сануулбал, өнгөрөгч 2017 онд “Учралын баяр -1” зорилтот төсөл амжилттай хэрэгжиж 10 хүүхдийг БНСУ-д ажиллаж буй эцэг эхтэй нь уулзуулж, эх үрсийн элгийг нь дэвтээж байсан билээ. Тэгвэл энэ жил зохион байгуулагдах “Учралын баяр -2” арга хэмжээнд 15 хүүхдийг хамруулахаар болсон байна.

Гадаад хэргийн яамны консулын газраас гаргасан судалгаагаар БНСУ-д 47 мянга гаруй Монгол иргэн албан ёсоор ажиллаж амьдарч байгаа аж. Эдгээр иргэн бүрийн ард 1-2 хүүхэд байгаа гэж тооцоход 90 мянга гаруй хүүхэд багачууд эцэг эхээсээ хол өсч хүмүүжиж байгаа гэж тооцож болох юм.

Эцэг эхээсээ хол өсч хүмүүжинэ гэдэг хүүхэд багачуудад туйлын хүнд асуудал гэдэг нь дамжиггүй. Харин энэ жил 15 хүүхэд БНСУ-д ажиллаж буй эцэг эхтэйгээ уулзах боломжтой болно.

Харин төсөлд оролцогчдод дараах шаардлагыг тавьж байна.
  • Монгол Улсад оршин суугаа 10-15 насны хүүхэд,

  • Эцэг /эх/ нь БНСУ-ын Бусан хот, түүний харъяа дүүргүүдэд 5 ба түүнээс дээш жил албан ёсны виз, зөвшөөрлийн дагуу оршин сууж, ажиллаж амьдарч байх,

  • “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссе бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан байх,

ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Учралын баяр зорилтот төслийн хүрээнд зохион байгуулагдах “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдааны эссэнд тавигдах шаардлага:

  • 250-300 үгтэй байх

  • Өөрийгөө бүрэн илэрхийлсэн байх

  • Ээж, аавыгаа санасан сэтгэлээ хөнгөн, энгийн хэлбэрээр ойлгуулсан байх

  • БНСУ-ын талаарх анхны төсөөллөө бичсэн байх

2. БНСУ-д оршин суугаа эцэг /эх/-ийн тухайн хүүхдээ төсөлд хамруулахыг зөвшөөрсөн хүсэлт,

3. Тухайн хүүхдийн сурч буй сургуулийн захирал, ангийн багшийн тодорхойлолт

ЭССЕ БИЧЛЭГИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮГНЭХ ЖУРАМ

1. Нэгдүгээр шат, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл эссе болон бусад материалыг uchraliinbayar@gmail.com мэйл хаягаар болон Рояаль олон улсын дээд сургуулийн байранд хүлээн авна. /Сургалтын алба Б.Дөлгөөн - 99103319/

2. Хоёрдугаар шат, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд уралдааныг зохион байгуулах комисс шилдэг 15 хүүхдийг шалгаруулна. Шалгарсан оролцогчдод 12 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдэнэ.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ХУГАЦАА

  • ТӨСӨЛД ХАМРАГДАХ БОЛЗОЛЫГ ХАНГАСАН 15 ХҮҮХДИЙГ 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БНСУ-ЫН БУСАН ХОТОД 5 ӨДӨР, 4 ШӨНИЙН ХӨТӨЛБӨРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЯЛУУЛЖ, ЭЭЖ, ААВТАЙ НЬ УУЛЗУУЛЖ “УЧРАЛЫН БАЯР” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦУУЛНА.

Холбогдох утас: 89002345, 99103319

ШИНЭ МЭДЭЭ