http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Багш нар ажил хаяад юу ч шийдэхгүй
УИХ-ын гишүүн Н.Учрал
2018.09.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Учрал: Багш нар ажил хаяад юу ч шийдэхгүй

Багш нарын ажил хаялтын асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учралаас цөөн асуултад хариулт авлаа.

-Багш нарын цалингийн асуудал болоод ажил хаялтад ямар байр суурьтай байна вэ. Ажил хаялтаас болж олон мянган хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна шүү дээ?

-Багш нар нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Улсын төсвийг УИХ-аас баталдаг. Төсөвт тодотгол оруулж байж цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд боломжгүй цаг үе таарчихлаа. Гэхдээ боломжуудыг эрэлхийлж байгааг бас мартаж болохгүй. Тухайлбал, багш нарын цалинг нийгэм даяар хавтгайруулж, 20-30 хувиар нэмэх нь олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд хангалттай харуулсан. Ингэж цалин нэмлээ гэхэд боловсролын салбарт сайн багш, мэргэжилтэн орж ирэхгүй байна. Багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын тоо буурсан. Багш нарын мэргэжлийн ур чадвар элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын дүнгээс шууд анзаарагдаж байгаа. Энэ салбарт багш нарыгаа дэмжих, урт хугацаанд ажиллах хөшүүргийг нь хийж өгч чадахгүй байна. Ийм зүйл  багш нарт хэрэгтэй.

-Энэ удаад цалинг тодорхой хэмжээгээр нэмлээ. Ирэх оны төсөвт цалингийн нэмэгдлийг нь оруулах боломжтой гэж харж байна уу?

-УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ.  Тухайлбал, сумын төвөөс алслагдсан суурин газарт байшин барих ямар ч шаардлагагүй. Зарим тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалт хийж, үргүй зардал гаргаж байна. Үүнийгээ танаад, цалингаа нэмэх боломж байгаа. Энэ асуудлыг ирэх оны төсвийг хэлэлцэхэд нээлттэй ярих ёстой. Багш нар энэ асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Тэд ажил хаяснаараа олон зуун хүүхдийн эрх ашгийг хохироож байна. Сурагчдыг хохироохгүй байх нь багш нарын эрх үүрэг.

Миний зүгээс багш нарыг энэ асуудалд ухаалаг хандаачээ гэж хэлмээр байна. Мөн багшийн хөгжлийн тухай хуульд маш чухал агуулга бий. Тухайлбал, багшийн урамшууллын тогтолцоог ажлын гүйцэтгэлд нь тулгуурлаж хийнэ гэж заасан байгаа. Үүнийг багшийн мэргэжилтэй нь уяад явбал гурван жил болоод зэрэг ахиад явах боломжтой. Багшийн өөрийгөө хөгжүүлсэн байдал, ур чадвар, эцэг, эхийн хандлага, сурагчдын үнэлгээ гэх мэт олон зүйлээр илэрнэ. Энэхүү урамшууллын үнэлгээг Засгийн газраас батлах ёстой. Ингэснээр багш нарын дунд чөлөөт өрсөлдөөн бий болно. Үнэхээр чадалтай бол хүүхдүүдийнхээ дунд нэр хүнд нь өснө.

Багш болох хүүхдийн тоо ч нэмэгдэнэ. Захиралдаа таалагдах шаардлагагүй болно. Тэтгэлэгт хөтөлбөрт тэргүүлэх салбарын эгнээнд боловсрол байна гэдгийг зааж өгсөн юм. Хувьсах зардлын хоёр хувийг багшийн хөгжилд зарцуулна гэдгийг тусгасан. Сургуулийн удирдлагад нь хүртэл цайны газраа түрээслээд явах боломжийг нь олгосон юм. Ингэснээр багшийн хөгжилд зарцуулахын зэрэгцээ ном сурах бичгээр хангаад өгнө гэсэн үг. Энэхүү хуулийн төсөл хэрэгжээд явбал ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс боломж гарна. Харин гүйцэтгэл болоод хэрэгжилтэд хамтдаа анхаараад явах боломжтой. Түүнээс ажил хаяад юуч шийдэхгүй. Засгийн газарт ч, улс оронд ч ийм боломж нь алга. Аливаа зүйлд нухацтай хандацгаая, багш нар аа. Үүний цаана ард түмний хүүхэд хохирч байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.  

-Жагсаад, ажил хаяад юу ч шийдэгдэхгүй байгааг багш нар харсан байх. Гол өөрчлөлтөө  салбарын бодлогод оруулах ёстой юм биш үү?

-Жагсаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Өнгөрсөн хугацаанд гурван талт хэлэлцээр хийсэн. Гурван талт хэлэлцээрээр нэгдсэн ойлголтод хүрсэн талаар мэдээлж байсан. Гэтэл намрын улирал эхлэхээр дахиад л асуудал үүсчихлээ. Бид гурван талын байгууллага зөвшилцөлд хүрсэн гэж ойлгосон.

-Сургалтын стандарт шинэчлэгдээд, багш нар сурагчдаа гологдоод байна гэсэн гомдол  эцэг, эхчүүдээс их ирдэг?

-Саяхан Англи улсад зохион байгуулсан семинарт суухдаа Кембриджийн хөтөлбөрийн Монголд хэрэгжүүлсэн хүмүүстэй нь уулзсан. Монгол Улс Үндсэн хуулиа зөрчиж байгаа талаар хэлж байна билээ. Учир нь ард түмний хүүхдийг лаборатори, ердийн сургуульд сурдгаар нь ангилж байна. Сургуулийн захирлуудын томилгоог яам болон нийслэлээс хийдэг. Энэ асуудлыг цэцэд өгвөл бид шууд унах юм. Лаборатори сургуулиудад хүүхдээ оруулахын тулд авлига өгч  байна. Цэцэрлэгт хүртэл мөнгө авч хүүхдийг оруулж байгаа жишээ олон бий. Бид ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэчихээд мөнгө аваад байх юм уу гэдгийг ярих ёстой.

Сэтгүүлч Б.Пүрэвжав

ШИНЭ МЭДЭЭ