МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Оюуны өмчийг ЭДИЙН ЗАСГИЙН эргэлтэд оруулах нь ЧУХАЛ
2018.03.05
Улстөр

Н.Учрал: Оюуны өмчийг ЭДИЙН ЗАСГИЙН эргэлтэд оруулах нь ЧУХАЛ

УИХ-ын гишүүн Н. УЧРАЛТАЙ ярилцлаа.

-2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы үйл ажиллагаагаа та хэрхэн дүгнэх вэ. Хэр үр дүнтэй болсон гэж харж байна?

-УИХ-ын намрын ээлжит чуулганаар 28 бие даасан хуулийг баталсан нь бага тоо биш. Сайн хуулиуд баталж, хэрэгжүүлж чадсан. Ялангуяа Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан хөтөлбөрийн зорилтуудыг нэлээд биел үүл лээ гэж үзэж байна.

Түүнчлэн энэ жилийн төсөв харьцангуй алдагдал багатай, нэлээд тооцоо судалгаатай болж чадсан. Тиймээс энэ удаагийн намрын чуулганыг үр дүнтэй болсон гэж харж байгаа.

Баталсан хуулиудыг хэрэгжүүлэх нь бидний гол ажил.

Тиймээс намрын чуулганы хугацаанд өмнөх чуулганы хуралдаанд хэлэлцэж баталсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсгүүд гарч ажилласан. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талд дорвитой ажлыг хийж чадсан гэж дүгнэж байна.

-Энэ хаврын чуулганаар нэлээд асуудал хэлэлцэхээр баталсан. Үүний дунд таны санаачилж, өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

-Төсвийн тухай хууль социализмын үед норм, нормативтаи байсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосон төсвийг тухайн хүн захиран зарцуулахдаа хэдэн хүнийг ажилд авах, цалин нь хэдээс хэдийн хооронд хэлбэлзэх вэ гэдгийг нормоор тогтоодог байлаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод барьж байгаа цэцэрлэгийн үнийн үнэ, хөдөө ашиглалтад орох цэцэрлэгийн үнийн дүн нэг нормтой байх ёстой.

Гэтэл өнөөдөр барилгын зураг, төсөвгүй маш олон ажлыг хийж байгаа. Мөн төрийн үйлчилгээний албан хаагч нарын цалин ийм бага төвшинд байгаагийн учир нь норм, нормативыг нь хуульдаа тусгаж өгөөгүйд оршино.

Тиймээс Төсвийн тухай хуульд норм, нормативийн асуудлыг тусгахаар хуулийн төслийг анх удаа орууллаа. Хуульд норм, нормативыг тусгаж өгснөөр төсвийн алдагдалгүй болж, төсвийг үрэн таран хийдэг асуудал, төрийн албаны данхар бүтцийг байхгүй болгоно.

Төрийн албыг данхар бүтэцтэй болгож байгаа зүйл юу вэ гэвэл төсвийн ерөнхийлөн захирагчид төдөн төгрөг зарцуулна гээд олгочихоор байгаа мөнгөндөө тохируулаад 400-500 мянган төгрөгийн цалинтай 100 хүн ажилд авчихаж байгаа юм.

Уг нь 800 мянган төгрөгийн цалинтай 60 хүн ажиллах ёстой гэж тогтоосон байдаг. Ингээд төрийн албыг данхайлгаж байна. Энэ байдлыг арилгах үүднээс Төсвийн тухай хуулийг өргөн барьсан.

-Ижил төстэй байгууламжийг хоёр өөр төсвөөр барьж, байгуулдаг байдлыг хязгаарлаж байна гэж ойлгож болох уу?

-Зураг, төсвийг нь хийгээгүй ажлыг төсөвт суулгачихдаг. Ингэснээр асуудал гардаг. Тэгэхээр норм, нормативыг хуульчилснаар бүгд зураг, төсөвтэй болох шаардлага үүснэ. 160 хүүхдийн цэцэрлэг дээр нэг л зураг төсөв гарна. Энэ зураг, төсвийн хүрээнд Монгол Улсын хаана ч адилхан барилга нэг л өртөгтэйгөөр баригдах ёстой гэдгийг хуульчилж байгаа юм.

-Та бас Засгийн газрын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга нь юу байх вэ. Мөн хаврын чуулганы хугацаанд та өөр ямар хуулиудад анхаарлаа хандуулан ажиллах вэ?

-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Үүний гол агуулга нь Улсын бүртгэл, оюуны өмчийг салгахтай холбоотой асуудал. Улсын бүртгэл, оюуны өмчийн газрыг нэгтгэснээс болоод Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс манай улсад маш олон хүсэлт ирүүлж байгаа.

Бид НҮБ-ын гэрээ, конвенцид нэгдсэн үүргээ биелүүлээгүй.

Тодруулбал, Дэлхийн оюуны өмчийн байгууллагад манайх “Оюуны өмчийн байгууллага бие даасан агентлаг байна” гэсэн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Гэтэл концепц, чиг үүргийн хувьд хоёр өөр байгууллагыг нийлүүлснээр ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Оюуны өмч бол бүртгэл биш Монгол Улсын төсөв, улсын эдийн засагт нэмэр үзүүлэх агентлаг.

Тиймээс оюуны өмчийг цаашдаа бүртгэл хийдэг байгууллага хэлбэрээр хөгжүүлэхгүй, бие даасан байгууллага болгох шаардлагатай. Миний бие оюуны өмчийг цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Ингээд Оюуны өмчийн  байгууллагаар дамжууулж манай улсад хүчин төгөлдөр бүртгэгдсэн патент, зохиогчийн эрхүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад банкаар үнэлгээ хийлгэх боломж, дүрмийн сангаа нэмэгдүүлэх ажлыг хийх ёстой учир энэ байгууллагыг Улсын бүртгэлийн газраас салгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Удахгүй хууль батлагдаж оюуны өмчийн байгууллага бие даасан агентлаг болно гэдэгт итгэлтэй байна

Намрын чуулганы хугацаанд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдсэн бол энэ чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Инновацийн тухай болон Хамтын хөрөнгө оруулалтын санг хуульчлах асуудлууд хүлээгдэж байна. Би эдгээр асуудалд идэвхтэй оролцож явна. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын багц хуулийн шинэчлэлд нэлээд анхаарч ажиллаж байна.

-УИХ-ын дэгийн тухай хууль олны анхаарлыг татаж байгаа. Үүгээр гишүүдийн сахилга, хариуцлагын талаар тусгасан байсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын дэгийн тухай хуулийг дэмжиж байгаа. Бид үндсэн ажлаа хийх л ёстой. Тиймээс Дэгийн тухай хуулиа хэлэлцээд дэмжээд явах нь зөв. Гишүүд хуралдаа суух ёстой. Хүндэтгэх шалтгаантай бол чөлөөгөө авч болно. Харин ямар нэгэн байдлаар ажлаас зугтаж болохгүй л дээ.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг олон нийт шаардаж байгаа. Энэ утгаараа ч хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон байх. Энэ хуульд хамгийн түрүүнд ямар асуудлыг тусгах ёстой гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуульд засаг, захиргаа нэгжийн асуудал их чухал. Одоо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ. Тиймээс Үндсэн хуульд засаг захиргаа, нэгжийн асуудалд хот, тосгон, нийслэлийг хуульчилж өгөх ёстой. Тэгэхгүй бол одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд засаг захиргаа, нэгжийн хувьд зохион байгуулалт нь ойлгомжгүй байгаа. Өнөөдөр аймгийн статус нь нийслэлтэй, сумынх нь дүүргийн статустай байдаг.

Гэтэл сум, дүүргийн хооронд маш их ялгаа бий. 320 мянган хүн оршин суудаг Сонгинохайрхан дүүрэг, 3000 хүрэхгүй хүнтэй сум хоёр нэг статустай байхаар ажил явахгүй байгаа юм.

Жишээ нь, 2000 хүнтэй хорооны ажилтнууд яг сумын статусын хэмжээнд ажиллаж байна. Тиймээс эдгээрийг зохицуулах ёстой. Мөн дагуул хотыг хөгжүүлэх асуудлаа тодорхой болгох, хот тосгоныг нийслэлээс салгах шаардлагатай. Төсөв мөнгөний талд ч бие дааж үйл ажиллагаа явуулах боломжоор хангах ёстой.

-Эх орончдын өдрийг тохиолдуулан залууст зориулсан лекц уншлаа. Лекцийн гол агуулга нь юу байв?

-Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэдэх НАМОХ-ноос санаачлан, лекц зохион байгууллаа. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд монголчууд эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг авч үлдэх, үр хойчдоо үлдээхийн төлөө хэрхэн тэмцэж, өнөөдрийг хүрсэн бэ гэдэг асуудлаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр түүхэн талаас нь мэдээлэл хийж, лекц уншлаа. Миний хувьд ирээдүйн 100 жилд эх орончид гэж хэнийг хэлэх вэ, Монголын залуучууд цаашид эх оронч байя гэвэл ирээдүйд хэрхэн хандах вэ гэдэг талаар лекц бэлтгэсэн.

Өнгөрсөн 100 жилд зэр зэвсгийн хүчээр, дайн байлдаан хийж тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж, авч үлддэг цаг үе байлаа. Харин ирээдүйн 100 жилд оюун санаа, мэдлэг чадвар, шинэ сэтгэлгээгээрээ тусгаар тогтнолоо авч үлдэх хариуцлагатай он жилүүд ирж байна. Зэвсгийн дайн бус оюун санааны дайн хийж байж тусгаар тогтнолоо хамгаална.

-Одоогийн залуус эх оронч үзлийн талаар төдийлөн мэдлэг, мэдээлэл дутуу байдаг юм шиг?

-Эх оронч үзэл гэдэг бол зүгээр нэг хийрхэж “Би эх оронч байна” гэж хэлээд явах биш. Миний хувьд эх орондоо барьж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол Шинжлэх ухаан, технологийн паркийг санаачилж, үүндээ эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж байна. Мөн Дижитал бирж байгуулна.

Бид эдийн засгийг төрөлжүүлэх шинэ арга техникт суралцаж, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, ухаалаг төрийг бий болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, дээр хэлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг санаачиллаа. Энэ бүхэн миний эх орондоо хийж байгаа эх оронч ажил. Тиймээс хүн бүр дор бүрнээ эх орондоо юу хийж болох вэ гэдгийг бодож төлөвлөхийг хүсч байна. 

Сэтгүүлч М.Энхцэцэг

ШИНЭ МЭДЭЭ