УИХ-ын гишүүн Н.Учралын тавьсан асуулгыг хэлэлцлээ
УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.12.08
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Н.Учралын тавьсан асуулгыг хэлэлцлээ

Тамхины хяналтын талаарх асуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газарт хандан тавьсан. 

Асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцууллаа.

Асуулгатай холбоотойгоор дээрх хуулийн хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл авснаа тоймлон танилцуулсан юм. Тамхи нь хүний хөгжил, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж, олон арван хорт хавдар бусад өвчлөлийн шалтгаан болж эрүүл мэндийн эдийн засагт ихээхэн дарамт учруулж байгааг Д.Сарангэрэл сайд танилцуулгын эхэнд дурдав.

Түүнчлэн тамхи үйлдвэрлэгчдийн олон жилийн мөнгөний ашиг, сонирхолыг хөндсөн сөрөг ухуулга нөлөөлөл их хийгддэг, тэмцэхэд маш их хүчин чармайлт гаргах асуудал болохыг тодотгосон. Үүнд төр засгийн байгууллагуудын нэгдмэл, тасралтгүй бодлого үйл ажиллагаа шаардагддаг байна.

Тамхинд 4400 гаруй химийн бодис, үүнээс 66 нь хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг болох нь тодорхой болсон юм. Энэ хорт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчидтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд 2005 оноос эхлэн хүчтэй тэмцэл явуулж 2017 оны байдлаар 181 орон энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа юм байна.

Монгол Улс 2004 онд Тамхины эсрэг суурь конвенцид нэгдэн орсон бөгөөд тус конвенцид нэгдсэн зургаа дахь улс болсон. Азийн бүсийн орнуудаас хоёр дахь орон болсон идэвхтэй дэмжигч орны тоонд ордог аж. Үргэлжлүүлэн тэрбээр тамхины эсрэг хууль, эрх зүйн орчны талаар мэдээлэл танилцуулсан. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалт нь сургуулийн орчин, сурагч хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгийг холбогдох газруудын мэдээллийг нэгтгэн тогтоосон байна.

Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээрх хуулийн заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд олон талт ажлыг зохион байгуулсан байна. Хуулийн дагуу сум, дүүргийн Засаг дарга тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд 4613 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 2017 оны 07 дугаар сарын байдлаар тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий 3717 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сургууль, дотуур байрнаас 500 метрийн орчимд тамхи худалдаалахгүй байх нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тамхины худалдааны ашиг сонирхолоос хамгаалах, дам тамхидалтад өртөхөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тамхины хяналтын тухай хууль олон талын ач холбогдолтой, үр дүнтэй хэрэгжиж байгаа гэдгийг гишүүд тэмдэглэж байв.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Д.Сарангэрэл сайд хариулахдаа, судалгаагаар нийт хүн амын 1/3 нь тамхи татаж байгаагийн 49.6 хувь нь эрэгтэйчүүд, 5.6 хувь нь эмэгтэйчүүд, 12.4 хувь нь хүүхдүүд байгааг тогтоосон байна. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтын хэрэгжилтийн дүнд хүүхдүүд тамхи татах байдал 10 гаруй хувиар буурсан. Харамсалтай нь сүүлийн үед дээрх хуулийн заалтыг зөрчих, тамхийг задгайгаар худалдаалах зөрчил олон гарч байгаа ч сургуулиуд үүнтэй холбоотой арга хэмжээ авах эрх зүйн орчин бүрдээгүй гэдгийг хэллээ. Цагдаагийн байгууллага сар бүр Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн дүн, мэдээллийг нэгтэн гаргадаг болохыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, аюулгүй байдлын албаны дарга танилцуулсан. Хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний газруудад утаат тамхи татах явдал багассан. Мөн шатахуун түгээх газар болон шатах, тослох, дэлбэрэх материалын агуулах зэрэг газруудад утаат тамхи татах зөрчил гарах нь багасчээ. Цагдаагийн ерөнхий газраас Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд сургууль, дотуур байр орчмын эрсдлийн үнэлгээг гаргасан гэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэлсэн.

Тэрбээр Тамхины хяналтын тухай хууль сайн хууль болсон гэж үзэж буйгаа онцлоод хэрэгжилтийг нь хангах чиглэлээр шат шатандаа анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Холбогдох байгууллагын удирдлагууд ажилтнуудаасаа дүн мэдээлэл авахаасаа гадна газар дээр нь ажиллах нь зүйтэй гэдгийг хэллээ. Мөн хуулийн хэрэгжилтийг гуйвуулж, авлига өгөх, авах үндэслэл болж буйг тэрбээр тодотгоод “500 метр гэдэг хэмжээг бууруулан 200-100 метр болгохгүй бол төр татвараа хурааж чадахгүй, тодорхой тооны төрийн албан хаагчид авилгалын сүлжээнд оруулах нөхцөл болжээ. Сонгино хайрхан дүүрэгт жижиг худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзах бүрт энэ талаар ярьж байна. Орон нутагт ч энэ асуудал хүндрэлтэй байна. Амьдрал дээр хэрэгжихгүй, тодорхой тооны хүмүүсийн авилгал авах шалтгаан болсон энэ хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ