2017.10.18
Улстөр

Н.Учрал: Улаанбаатар хотын хогийн цэг хүртэл хүний эзэмшил болсон байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа.

Н.УЧРАЛ: НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХУУЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВИХ ЁСТОЙ

Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2,4 хувь байна. Олон улсад 500-1000 м.кв тутам нэг цэцэрлэгт хүрээлэн байна гээд олон улсын стандарт байгаа. Гэтэл Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр ногоон байгууламж байхгүй. Ногоон байгууламжийн асуудлыг ярихгүй болохоор орхигдоод байгаа буюу үүнийг боловронгуй болгоход бид нарт нэг л зүйл хэрэгтэй. Олон жил хүлээсэн ногоон байгууламжийн хуулийг батлах хэрэгтэй.

Бүх хуулийнхаа нэн тэргүүнд ногоон байгууламжийн хуулийг Засгийн газрын зүгээс оруулж ирээсэй гэж хичээнгүйлэн хүсч байна. Энэ асуудлыг номер 1-т эрэмбэлж чадах уу?

Дээрээс нь өнөөдөр манай улс ногоон байгууламжийн хувьд 11 стандарт мөрдүүлдэг. Хятад 1500 стандарттай. 11-хэн стандартаар ногоон байгууламжийг бий болгоно гэж ажиллаж байгаа нь тун харамсалтай.

Сая Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд бараг 30 гаруй айлын хашаанд гэж тооцоход олон жилийн хур хогийн цэг  байгаа. Хур хогийн цэгийг ногоон байгууламж болгож, хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн барья байтал гэнэт өөр хүний эзэмшил болж таарсан. Улаанбаатар хотын хогийн цэг хүртэл хүний эзэмшил болчихсон байна. Байгаль орчны сайдын хувьд цаашид энэ мэт олон асуудалтай тулгарна.

Өнөөдөр Улаанбаатар хот шавар байшингийн үзэсгэлэн шиг юм боллоо. Цэвэрлэх байгууламжийн асуудал ямар өндөр түвшинд яригдаж байна. Агаарын бохирдлыг барьдаг мөртлөө хөрсний бохирдлыг ярихаа больсон байна. Жорлон барих газаргүй болсон хороод их байна.

21-р зуунд нүхэн жорлон яриад сууж байгаа улс дэлхийд манайхаас өөр байхгүй.

Тиймээс Байгаль, орчны сайдын хувьд хамгийн эхлээд стандартуудаа нэвтрүүлээд, хогийн цэг авсан байгаа нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулаад, газрыг нь авах хэрэгтэй.

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ: НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ТУУШТАЙ АЖИЛЛАНА

Дэлхий нийтээрээ гэлтгүй монголчууд өв уламжлалаараа байгалиа шүтэж хамгаалж ирсэн. Сүүлийн жилүүдэд бид хэт их эрх чөлөө ярьснаас болж ногоон байгууламжтай холбоотой асуудал орхигдсон. Миний очиж байгаа салбарт улстөржилт байхгүй гэдгээрээ онцлогтой. Ус, агаар бохирдолтой байгааг бүгд мэдэж байгаа.

Шинэ норм, стандартыг бий болгохын төлөө ажиллана. Мөн үе үеийн БОАЖ-ын салбарын сайдуудын хийж хэрэгжүүлж байсан бодлогыг хэрэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр тууштай ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ