2017.04.21
Хууль, эрх зүй

Н.Учрал: Үндсэн хуулийн энэ дүгнэлтийг УИХ хүлээж авах нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тэрээр:

"Өнөөдөр үндсэн хуулийн энэ дүгнэлтийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүн таслах үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Харин  308, 348 дугаар зүйлд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн байна. Энэ 3 шатны шүүх хуралдааны шийдвэр бол 3-уулаа өөр агуулгатай. Хяналтын шатны шүүх хуралдаан нь хуулийн хэрэглээ талаасаа илүү зохион байгуулалттай. Үүнд мэргэшсэн өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргаад, хяналтын шатны шүүх хурлын үед процессын ямар нэгэн алдаа байгаа эсэхэд дүгнэлт гаргаж болно.

Шүүгдэгч ч бай, хохирогч ч бай энэ хуралдаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаа. Хуулийн хэрэглээ талаас нь тодорхой дүгнэлт гаргаж байгаа учраас зүгээр нэг иргэн орж төлөөлөх боломж хяналтын шатны шүүхэд байхгүй.

Тиймээс МУҮХ-ийн цэцийн дүгнэлтийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна. Өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу л хяналтын шатны шүүх хуралдаан явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ